Мөнгө хүүлэлтийн ихэд тархсан тодорхойлолт бол огт үндэслэлгүй эсвэл хуулиар тогтоосон хэмжээнээс хэт өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэх, зээлдэгчийн хүнд байдлыг ашиглан хэт их ашиг олох үйлдэл юм гэсэн санаа байдаг.
Хүмүүн төрөлхтөн бүр эрт цагаас хойш, бүр Аристотелын үед ч гэсэн мөнгө хүүлэх буюу хүүтэй зээлдүүлэх явдал (moneylending or usury) ёс суртахуунтай юу гэсэн асуултад хариулт эрж, бас тайлбар ч олжээ. Философич Аристотел мөнгө ямар ч үржил шимгүй зүйл, бүтээлч чанаргүй учраас мөнгө зээлж үүндээ хүү авахыг ёс суртахуунгүй үйл гэж үзжээ.
Хожим нь Библи сударт “Еврейчүүдийг ахан дүүстээ мөнгө зээлдэх ёсгүй, харин харь хүмүүст зээлдэж болно” гэж дурдсан тул загалмайтны шашинт Өрнөдийн ертөнцөд мөнгө зээлэхийг бузар үйл гэж үзэх явдал өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор ирэв.
Гэтэл мөнгө зээлэх хэрэгцээ хувь хүмүүст байсаар ирсэн, түүнийг дагаад зээл өгдөг хүмүүс оршсоор ирсэн. Энэ удаа ч мөн чөлөөт захын адилаар сая сая хувь хүмүүсийн солилцооноос үүссэн зээллэгийн зах зээл гайхалтай сайн ажиллаж, хөгжил дэвшил авчирдаг аугаа хүчээ хүмүүст бүх цагийн үеийн туршид хангалттай харуулсаар л байлаа.
Эхлээд еврейчүүд л Загалмайтны шашинтанд мөнгө хүүтэй зээлдэг “нүгэлтэй” ажил хийдэг байснаа сүүлдээ урлаг зэргийг ивээн тэтгэгч гэсэн алдар гуншинтай Медичи зэрэг баян, хүчирхэг мөнгө хүүлэгчид гарч ирэв. Хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр банкууд жам ёсоороо үүслээ. Хүмүүст хэрэгтэй үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тэд ч маш их баян болсон. Сүм хийдийн зүгээс нүгэл гэж зарлаад, хатуу цээрлэл үзүүлж байсан ч түүнийг тойрч гарах арга замаа хүмүүс өөрсдөө бодож олсоор л байв.
1220-оод оны үед мөнгө хүүлэлтийг эерүү утгаар зөвтгөх боломж олгосон хүү (interest) гэсэн ойлголт гарч ирсэн бөгөөд сүм хийд, төр засгийнхан хууль тогтоомж боловсруулж гаргав. Одоо хүү бол мөнгө зээлснээс гарах алдагдлын нөхөн төлбөр тул хүү авах нь хуулиар мөнгө хүүлэлт биш болжээ. Учир нь ашиг олох гэж биш харин мөнгө зээлсэн хугацааныхаа алдагдалдаа нөхөн төлбөр болгож хүү авдаг гэж үзэх болов. Энэ нь эдийн засгийн Австри Сургуулийнхны цаг хугацааг чухалчлах үзэх буй байдал (time preference)-аас зээлийн хүү үүсэж гардаг гэдэг гаргалгаа нотолгоотой холбогддог.
Эдийн засгийн хувьд мөнгө ашиг тустай болох нь амьдрал дээр батлагдаж, мөнгө хүүлэх явдал шинэ технологи, эрэл хайгуулыг санхүүжүүлж, хүмүүн төрөлхтөний хөгжил цэцэглэлтийг тэтгэв. Зээл авч Гутенберг хэвлэлийн машинаа бүтээж, Англичууд Америкийг колончилж, Испаничууд шинэ тив нээн алт, мөнгө олборлосон. Энэ түүчээ улмаар Аж Үйлдвэрлэлийн Хувьсгал руу хөтөлсөн бөгөөд Баррингийн ах дүүс, Ротшилдийн гэр бүлийн банкирууд тэр үеийн том төслүүдэд хөрөнгө оруулж, мөнгө хүүлж хөгжил дэвшлийг хурдасгаж байсан юм.
Ер нь зээл авсан, зээлдүүлсэн хоёр тал үүнээс хоёулаа хожиж, ашиг хүртэж байсан бөгөөд ашигтай гэж үзвэл ямар ч гэрээ байгуулж болно гэдэг гэрээний эрх чөлөө хэмээх ойлголт үүнээс ургаж гарчээ.
Хүмүүс эд зүйлээ барьцаалж зээл авдаг байсан тэр үед, хамгийн анхны цалингийн зээл (аваагүй байгаа цалинг нь барьцаалдаг)-ийг 1893 онд Канзас хотод нэг эр олгож эхэлсэн. Бизнес нь маш амжилттай байжээ. Бид ч одоо тэтгэврийн зээл, ломбард, цалингийн зээл ихээр ашигладаг.
Хүмүүст капиталын хэрэгцээ мөнгө хүүлэлт “ёсзүйгүй” үйл учраас алга болчихдоггүй, мөнхөд байсаар ирсэн. Хүмүүс орон байртай болох, бизнесээ эхлүүлэхэд нь мөнгө хүүлэгчид бас тусласаар ирсэн. Тэдэнд хөгжиж дэвжих боломж олгосон. Харин зээлийн хүүгийн хэмжээ зээлсэн мөнгөө буцааж олж авч чадахгүй байх эрдслээс хамаарч өндөр байж ирсэн. Эрсдэлтэй зээл олгогчдын буянаар жижиг бизнесүүд асар ихээр хөгжиж цэцэглэсэн. Мөнгө хүүлэх явдал бүх цагийн туршид амь өрссөн, аюултай, нүд үзүүрлэдэг үйл байсаар ирсэн.
Хүүгийн хэмжээ өндөр учир мөнгө хүүлэлт, хэрэв хүү бага бол зүгээр зээл гэж үздэг, үүнээс улбаалаад “мөнгө хүүлэлт шал өөр хоёр зүйл шиг болсон…бөгөөд…Цэвэрхэн хэлбэл ‘хүү’ буруу уншвал ‘мөнгө хүүлэлт’ ”1 болдог гэсэн хоёрдмол утга санааг угтаа бол нэг л үйл, мөнгө хүүлэх (moneylending) явдалд хэрэглэдэг гаж уламжлалтай болжээ.
Зах зээлийн солилцооноос өөрөө тогтсон өндөр хүүг хориглох хүүгийн дээд хэмжээг тогтоох төрөл бүрийн хууль олон улс оронд гарав. Төр дахиад хөндлөнгөөс оролцож, хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхэд түлхлээ.
Одоо сүм хийд, зохиолчид л мөнгө хүүлэлтийг адгийн муухай үйл гэж сурталдаж, бүтээлээ туурвисаар байна. Мөнгө хүүлэлтийг эсэргүүцэгчид зээл олгогчдыг өөрийнхөө мөнгийг хүүгүй бусдад өгч золиосол гэж ёс суртахууны нэрээр тулган шаарддаг. Гэвч мөнгө хүүлэлтийг үзэн ядах явдлын цаад учир, мөн чанар нь алтруизм байдаг. Энэ бол хамгийн бузар ёс суртахуун, аллага хядлагын даллуур.
Гэвч мөнгө хүүлэх явдлыг зөвтгөх, өмөөрөх ёс суртахууны гаргалгаа бий. Энэ бол Айн Рэндийн Рационал Эгоизм юм. Түүнд ёс суртахуунтай байна гэдгийг өөрийнхөө аз жаргалд хүрэх, түүнийг хамгаалах үнэ цэнэ бүтээх явдал гэж үздэг. Ашиг олох, ухаанаа ашиглаж бизнес хийх бол ёс суртахуунтай үйл. Мөнгө хүүлэх бол ёс суртахуунтай үйл мөн.
Монгол Банк саяхан 40-60 хувийн зээлийн хүү авч буй Апп-уудыг мөнгө хүүлж байна гэж буруутгав. Хэрэгцээ байгаа учраас, бас дээр нь хөнгөлөлттэй зээл иргэдээ ялгаварлаж олгосоор байгаа учраас л ийм өндөр хүү Монголд оршсоор байна. Апп-уудын зээлийг ёс суртахуунгүй явдал гэж нийтээрээ буруутгаж байна.
Үүний эсрэгээр Монгол улсын төр засаг иргэдээ илт ялгаварлан гадуурхаж, заримд нь хөнгөлөлттэй зээл (ипотек, төрөл бүрийн хөнгөлөлттэй зээл, ЖДҮ), давуу тал (элдэв төрлийн татаас: ноос, ноолуур, үр тариа) олгож баялгийн дахин-хуваарилалт хийж буй (хөнгөлөлт, зээл авдаггүй хүмүүсээс эд хөрөнгийг нь булаан авч хямд зээл, давуу эрх авч буй хүмүүст өгдөг) явдал бол жинхэнээсээ маш ёс суртахуунгүй, шударга бус зүйл.
Зах зээлийн хүү (жишээ нь 16–20%)-гээс бага хөнгөлөлттэй зээлийн хүү (жишээ нь 3–6%)-гийн зөрүүг татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсвөөс татаас хэлбэрээр төлдөг. Ийм зээл ихсэх тусам энэ мөнгөний хэмжээ нэмэгддэг. “Үнэндээ ББСБ, апп-аас өндөр хүүтэй (40-50%) зээлтэй 1,5 сая иргэд ипотекийн зээлтэй 140 мянган иргэдийн зээлийн төлбөрийг бас төлдөг юм. Ипотек иргэдийн нийт зээлийн 34%-г эзэлдэг хирнээ хүүгийн зардлын ердөө 12% бол ББСБ-аас авсан зээл 21% хирнээ нийт хүүний 45%-г төлдөг.”2 Шударга гэж үү? Энэ бол дээрэм.
Гэрээнийхээ хугацаанд зээлээ төлөлгүй хар жагсаалтад орсон, хариуцлагагүй иргэдээ түүнээс хасаж буй явдал, машиныхаа торгуулийг төлөөгүй танхайчуудыг тэр удаа өршөөж торгуулийг хүчингүй болгосонтой адилхан увайгүй хэрэг. Муу үйл хийснийх нь төлөө муугийн толгойг илэх нь ёс суртахуунтай үйл биш.
Мөн мөнгө хүүлэлтийн эсрэг хууль баталж иргэдээ мөнгө зээлэх хууль ёсны зах зээлээс шахаж, зээллэгийн хар зах руу явуулж гэмт хэрэг өдүүлэх, гэмт хэрэгтнүүдийн золиос болгох явдал бол жинхэнээсээ ёс суртахуунгүй үйл биш гэж үү дээ.
Зээлийн хүү өндөр байхад ёс суртахуун нөлөөлөөгүй, харин зээлийн хүүгээр иргэдээ ялгаварлан гадуурхах явдалд ёс суртахууны үнэр ч байхгүй.
2026-11-27
Зүүлт тайлбар:
1- Айн Рэнд: Бизнесийн философи (2018 он, Непко) — Ярон Брүүкийн Мөнгө хүүлэлтийн ёс суртахуунт байдал: товч түүх гэсэн эссэнээс авав.
2-П. Цэнгүүн: Ипотекийн зээлийг хэн төлдөг вэ? гэсэн нийтлэлээс авав.