Анагаах ухаанд “syndrome” гэх үгийг хам шинж гэж орчуулдаг. Сүүлийн 20 орчим жилд улс төр, сэтгэл судлалын хүрээнд яригдах болсон “Hubris syndrome”-н талаар буюу “ихэрхэх хам шинж” гэж буулгаад хэдэн үг сийрүүлье.
“Hubris” гэдэг үг нь Грекээр хэт итгэлтэй байдал, асар их бардамналыг илэрхийлдэг гэнэ. Мэдээж энэ бол сайн зүйл. Харин энэ нь тодорхой өдөөгчөөс, ялангуяа эрх мэдлээс үүссэн сонин авир шинжүүдийн бөөгнөрөл болоод ирэхээрээ “hubris syndrome” буюу ихэрхэх хам шинж болдог аж.
Мэдрэлийн эмч мэргэжилтэй, Их Британийн Гадаад хэргийн сайд асан David Owen (зүүнтэн), болон сэтгэцийн эмч, профессор Jonathan Davidson нарын тодорхойлсноор энэ хам шинжийн тухайд нийт 14 шинж тэмдэгийг жагсаасан байна. Тэрийг нь дэлгэрэнгүй уншихыг хүсвэл AI ашиглаад үзчих. Би гол шинжүүдийг нь л дурдъя.
– Өөрийгөө хэт дөвийлгөж, бусдаас онцгой, дээгүүр гэж үзэх, бодит байдлаас тасрах
– Өөрийн чадвар, нөлөөг хэт үнэлэх, өөрийн шийдвэрийг алдаагүй гэж үзэх
– Шүүмжлэл, эсэргүүцлийг үл тэвчих, бусдыг дорд үзэх, үл тоомсорлох
– Өөрийн хүсэл зоригийг бүх эрх ашгаас дээгүүр тавих, хэт өргөмжлөх
– Эрх мэдлээ хязгааргүй мэт ашиглах
– Алдаа гаргасан ч хариуцлага хүлээхгүй байх…
Гэх мэт шинжүүдийг агуулж, хамгийн гол нь улс төр-эрх мэдлийн хүрээнд өөрийгөө хууль, ёс суртахуун, бусдын шүүмжлэлээс дээгүүр тавидаг үзэгдэл гэж ойлгож болно. Өнөөдрийн бидний олонхийн сонгосон хүмүүс нүдэнд шууд бууж байгаа юм. Нам харгалзахгүй, хэнээс ч, хаанаас ч харж болно. МАН-ын мангарууд хэрхэн хуваагдаж, хэрэлдэж, элдэв баримтуудаа дэлгэж байгааг бид бэлхэн үзээд сууж байгаа. АН, ХҮН-ын ялзарсан лойдруудад ч хамаатай.
Энэ үзэгдлийг тархинд юу болдог тухайд энгийнээр тайлбарлавал хүн ялалт байгуулж, статус олох бүрд допамин ялгарч, тестостерон өсдөг. Энэ мэдээж эрсдэл даах хүсэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг ч нөгөөтэйгүүр айдас, санаа зовнилыг сулруулна. Хамгийн гол нь заавал том зорилго, амжилтанд бус жижиг бүлэг доторх статус, цөөн дараалсан амжилт ч тархийг адилхан замаар хөдөлгөдөг аж. Өөрөөр хэлбэл жижигхэн амжилт ч биологид шууд нөлөөлнө. Энэ тухайд хулгана дээр хийсэн туршилтууд, судалгаа байдаг аж. Winner effect!
Зах зээл дээр ч “ялагчийн” нөлөө ажилладаг. Жишээлбэл хөрөнгийн биржийн арилжаачид амжилтандаа эрдэж, хэт итгэлтэй болсноор алдаа гаргадаг. Гэхдээ том зургаараа бизнесийн салбарын ихэрхлийг алдагдал шийтгэчихдэг. Харин улс төрд яадаг бол?
Ер нь бол амжилт олсон хүний эргэн тойронд тэр хүнийг магтаж сайшаадаг, шүүмжилдэггүй хүмүүс ихээр цуглардаг. Мэдээж ийм зүйл сайныг ч, бас саарыг ч хүнд өгөх нь тодорхой. “Эрх мэдэл ялзрах хандлагатай. Хязгааргүй эрх мэдэл хязгааргүй ялзруулдаг” гэх Лорд Актоны (1834-1902) хэлсэн алдарт үг бий.
Манай улс төрийн тавцанд хамгийн сүүлд болсон сүржин зайлалт, эргэн эрэлтийн төлөвлөгөөг бодож үзэхэд авлигын хардлага, импичментийн сүрдүүлгийн дараа номер1 маань өөрийн хүсэлтээр буулаа. Аргуу, бас цөмөрсөн ПиАр-тай, нэг л их уянгалсан дуутай видео бичлэгүүд ихээр явж байна. Нөгөөтэйгүүр эрх мэдлээсээ буухдаа их хурал дээр хэлсэн үг яриа, биеийн хэлэмж, асуулт хариултын байдал, бууж байгаа эвент үйл ажиллагаа нь ч аргагүй 9 жилийн турш хамгийн өндөр албан тушаалуудыг хашсан социалист гэсэндээ ил харагдах нь сүржин “поп” байлаа. Харин үл харагдах нь юу байгаа бол? Ямартай ч “ихэрхэх хам шинж”-ийн 14 шинж тэмдэгтэй нэг бүрчлэн харьцуулж үзмээр санагдсаныг нуугаад яахав. “Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох, эсвэл ерөнхийлөгчийн тогтолцоо руу яв” гэж байх шиг.
Хамгийн аюултай нь ийм зүйл зөвхөн улс төрийн өндөр албан тушаалтанд тохиолддоггүй. Монголд жижигхэн амжилтандаа эрдэж бардсан, сэтгэцийн өвчтэй нарциссистууд их бий. Ер нь энэ хам шинж аливаа шүүмжлэлд нээлттэй, хошин юмортой, мэдрэмж сайтай хүмүүст харьцангуй бага тохиолддог гэх ч нэгэнт үүссэн ихэрхлийг эмчлэх эм гэж хараахан байхгүй. Харин магадгүй хамгийн сайн вакцин нь мэдлэг ойлголтоо нэмж, ухаарч сэхээрэх байж мэднэ. Эрх мэдлийг хязгаарлах, шүүмжлэлийг чөлөөтэй байлгах хүн төрөлхтний жор бол бий. Асуудал нь тэр жорыг бид хангалттай ойлгож амжаагүй тул дагаж мөрддөггүйд л байгаа юм!
2026-11-22
Views: 200