АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубиогийн Афин хотод хэлсэн үг.

Дэлхий даяар аугаа их туурь, дурсгалууд олон бий. Ихэнх тохиолдолд эдгээр нь түүх өөрөө төгссөн мэт сэтгэгдэл төрүүлдэг газрууд байдаг: тэдгээр нь амьд санах ойгоос аль хэдийн арчигдан одсон алс холын соёл иргэншлийн үлдэгдэлүүд юм.

Гэвч Акрополис бол өөр.

Миний ард сүндэрлэж буй энэхүү байгууламжийг босгосон соёл иргэншил хэдэн мянган жилийн турш Өрнөдийн ертөнцийн оюун санааг байлдан дагуулсаар ирсэн. Манай үе үеийн төрийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, гүн ухаантнууд үүнийг бишрэн, хүндэтгэж ирсэн юм.

Цаг хугацаа мэдрэмжийг мохоох хандлагатай байдаг: аугаа ялалт, айшигт ялагдал ч сурах бичгийн зүүлт тайлбар, сургуулийн хүүхдүүдийн цээжлээд мартдаг жирийн нэг баримт болон хувирч, ач холбогдол нь багасах шиг болдог. Гэвч эртний Герегчүүд бидний санах ойд бараг л ид шидийн гэмээр нөлөөгөө хадгалсаар байна. Тэд биднийг дахин дахин өөрсөд рүүгээ дууддаг.

Христийн тооллын өмнөх 480 онд Ксерксийн арми энэ хотод ирж, ариун шүтээнүүдийг нь галдан шатаасан. Тэр үед Афинчуудын ихэнх нь хөлөг онгоцоор ойролцоох арал руу нүүсэн байв. Гэвч гэр орноо орхихоос татгалзсан цөөн хэдэн хүн үлдсэн юм. Тэд Акрополисын хадан цайзад бэхлэлт барьж, Персийн түрэмгийлэгчид рүү хад чулуу шидэн, тухайн үеийн хамгийн аугаа эзэнт гүрнийг хэдэн өдрийн турш тогтоон барьж, ер бусын, эцсээ үзсэн тэмцэл хийсэн. Тэд эцэст нь олуулаа ирсэн дайсанд дийлдсэн. Персүүд сүм хийдүүдийг тонож, шүтээнүүдийг шатааж, Акрополисыг газртай тэгшилсэн ч Афинчууд буцаж ирээд хуучин Акрополисын эвдэрсэн туурийг цуглуулж, өмнө нь сүндэрлэж байсан толгойд нь оршуулжээ. Тэгээд хэдэн арван жилийн дараа Периклийн удирдлага дор тэд Парфеноныг босгосон юм.

Түүнээс хойш 25 зууны турш Парфенон сүндэрлэсээр байна. Түүний сүүдэр дор эзэнт гүрнүүд мандаж, мөхөж байв. Энэхүү байгууламжийг босгосон хүмүүсийн үр сад буюу Афин, Ромын хөвгүүд өөрсдийнхөө соёл иргэншлийг дэлхийн хязгаар хүртэл авч явсан.

Миний одоо зогсож байгаа газраас дэлхийн нөгөө талд Америкийн бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойш хоёр зуун хагас өнгөрсний дараа би өнөөдөр тэрхүү бүгд найрамдах улсын Төрийн нарийн бичгийн дарга, мөн Испаниас Шинэ ертөнцөд ирсэн суурьшигчдын гуч хүүгийн хувиар энд зогсож байна. Бид тэдний өмнө цаг хугацаа, орон зай алс хол зай  хэзээ ч арилгаж үл чадах өртэй гэдгийг гэрчлэхээр би энд зогсож байна.

Америкийн түүх, миний эх орны түүх эрт үеийн ул мөрөөр дүүрэн байдаг. Грек улс манай төр засгийн архитектурт шууд утгаараа сийлээстэй бий: манай нийслэл хот дахь өндөр багана, бөмбөгөр орой, хөшөө дурсгалуудаас энэ нь харагддаг. Манай Үндсэн хууль төрсөн хот болох Филаделфийн нэр өөрөө Герег үг юм.

Миний эх орныг үндэслэгчид танайхаас өвлөж авсан өв соёлыг биширдэг байсан. Тэд түүхийн талаар маш их уншсан, түүхэнд эзлэх өөрсдийнхөө өвөрмөц байр суурийг маш сайн ухамсарлаж байсан ч өнгөрсөн үеийн өөр ямар ч эрин үе тэдний анхаарлыг эртний тэр үе шиг татаж чадаагүй юм. “Федералист баримт бичгүүд”-д хамгийн их иш татагдсан зохиолч нь Гэгээрлийн үеийн гүн ухаантан эсвэл улс төрийн онолч биш байсныг мэдээд маш олон хүн гайхдаг. Үгүй ээ, “Федералист баримт бичгүүд”-д хамгийн их иш татагдсан зохиолч бол Герег, Ромын аугаа хүмүүсийн намтрыг бичсэн Герегийн түүхч Плутарх байв.

Америкийг үндэслэгчдийн үзэл санаанд, мөн тэднээс өмнөх Өрнөдийн бүх гүн ухаантан, төрийн зүтгэлтнүүдэд эртний Герегийн үзүүлсэн нөлөөний талаар их зүйл бичигдэж, яригдсан. Бидний ихэнх нь үндсэн түүхийг мэднэ. Афин бидэнд ардчиллыг өгсөн. Платон, Аристотл нар бидэнд Өрнөдийн гүн ухааныг өгсөн. Хууль, сайн үйл, иргэншил, бүгд найрамдах засгийн газрын талаарх бидний үзэл санаа Герегийн хот-улсуудад төлөвшсөн. Тэр ч байтугай манай улс төрийн үгсийн сангийн ихэнх хэсэг болох ардчилал, дарангуйлал, “улс төр” гэх мэт үгс эндээс үүсэлтэй.

Энэ бүхэн үнэн. Гэвч Америкчууд, Өрнөдийнхний хувьд энэ газарт өртэй зүйлс маань үнэндээ үүнээс хамаагүй гүн гүнзгий утгатай. Эртний Герегчүүдээс бидний олж хардаг илүү суурь чанаруудын гадаад илэрхийлэл байсан эдгээр институт, үзэл санаануудыг улстөрийн аль нэг тогтолцоо, онолоор хязгаарлаж болохгүй.

Энд, Афинаас бид Өрнөдийг тодорхойлж болох бүхий л чухал шинж чанаруудын анхны бүрэн биелэлийг олж харсан: эрс шийдэмгий хувь хүний үзэл баримтлал ба цуцашгүй амбиц; зоримог эрэл хайгуул ба нээлт; нээлт, адал явдал, эрсдэл, алдар нэр рүү тэмүүлэх тэмүүлэл. Ертөнц ба түүний ажиллах зарчмуудын талаарх ханашгүй сонирхол, байгалийн нууцыг таньж, орчлон ертөнцийн нууцыг атгах гэсэн хүсэл эрмэлзэл. Боломжгүй гэсэн ойлголтыг тэвчдэггүй, бүх хил хязгаар, хязгаарлалтыг эсэргүүцэж, үл мэдэгдэх гүн рүү өнгийж харах гэсэн тэмүүлэл.

Эдгээр нь зөвхөн гүн ухааны тодорхой нэг сургуулийн томъёо, сургаал байсангүй. Тэдгээр нь ард түмний онцлог шинж чанар байсан бөгөөд тэдний уламжлал, түүх, үзэл санаа; иргэдээсээ шаарддаг чанар; тэдний амьдарч, тэмцэж, төлөө нь үхэж байсан зүйлсэд илэрхийлэгдэж байв.

Эдгээрийг таньж мэднэ гэдэг нь өөрсдийгөө таньж мэднэ гэсэн үг.

Энэ газарт цэцэглэн хөгжсөн зүйл бол мунхаглал, харанхуй, алс хол байдал нь хүний ухаанаас нууж байсан бүхнийг илчлэх гэсэн Өрнөдийн хүсэл эрмэлзэл байв. Герегчүүд зөвхөн түүхийг тодорхойлоод зогсохгүй, тэд бидэнд түүхийг өөрийг нь өгсөн юм. Бидний эртний олон соёл иргэншлийн талаар мэддэг зүйлсийн ихэнх нь бараг бүхэлдээ Герегийн аялагч, түүхчдийн тэмдэглэлээс гаралтай. Тэд зөвхөн өөрийнхөө ард түмний түүхийг тэмдэглээд зогсохгүй, дэлхий даяарх харь ард түмэн, соёлын түүхийг ажиглаж, тэмдэглэхээр алс хол аялсан билээ.

Бусад нь дотогшоо харж байхад Герегчүүд анх гадагшаа анхаарлаа хандуулж, хачин жигтэй, шинэ бүхнийг үзэхийн баяр баясгалан, алдар нэрийг хөөцөлдөж байв. Энэ л чанар Өрнөдийг бусдын чадаагүй зүйлийг бүтээж, босгоход түлхэц өгсөн бөгөөд тогтвортой байдал, амьжиргаагаа залгуулахыг амьдралын хамгийн дээд зорилго гэж үздэг бусад олон соёл, соёл иргэншлээс биднийг ялгаруулж өгсөн юм.

Гэвч бид Герегчүүдээс зөвхөн үл мэдэгдэх зүйлийг судлах амбиц өвлөж аваагүй; үл мэдэгдэх зүйлийг мэдэх боломжтой гэсэн итгэл үнэмшил өвлөж авсан. Дэлхий ертөнцийг зурж, хэмжиж, газрын зурагт буулгаж, ойлгож болно гэсэн итгэл, мөн орчлон ертөнцөд оновчтой дэг журам байдаг, энэ нь хүний ажиглаж, ухаан нь ойлгож чадах тодорхой суурь хуулиудад захирагддаг гэсэн итгэл билээ.

Энэ бол Өрнөдийн ухааны үндэс суурь байв: манай математик, шинжлэх ухаан, анагаах ухаан. Манай гүн ухаан, ёс зүй, шашин шүтлэг. Энэ нь Есүс Христийн сайн мэдээг Европт үржил шимтэй хөрс олж, Христийн шашинт орнуудын эзэнт гүрэн болон цэцэглэн хөгжих замыг зассан юм. Энэ нь Христийн шашны теологийн баялаг сан хөмрөг, Августин, Аквин нарын бүтээл, мөн жам ёсны хуулийн бүх уламжлалын үндэс суурь байв.

Энэ нь зөвхөн нийтлэг соёлоор зогсохгүй, нийтлэг антропологи, өөрөөр хэлбэл хүн ба түүний орчлон ертөнцөд эзлэх байр суурийн талаарх нийтлэг үзэл бодлоор тодорхойлогддог соёл иргэншлийг төрүүлсэн. Түүний үр сад зөвхөн байгалийн дэг журмын талаарх үзэл санаагаар төдийгүй сайн үйл, хувь тавилан, үнэн, сайн сайхан, гоо сайхны талаарх өвөрмөц ойлголтыг; хүмүүс хэрхэн амьдрах ёстойг заадаг дүрэм журам; тэмүүлэх ёстой бодит стандарт, идеал зэргээр холбогдох болно.

Эртний Герегчүүдийн хувьд төгс төгөлдөр рүү тэмүүлэх нь хүний оршин тогтнох зарчим байв. Энх цагийн амьдрал нь бүхэлдээ тэмцээн, амбиц, өрсөлдөөн: гүн ухаан, яруу найраг, уран баримал, драмын урлаг, хөнгөн атлетик, урлаг, дайн, төрийн хэргийг тойрон өрнөдөг байсан. Сонгодог Герегийн хот бол аугаа хүмүүс өөрсдийгөө сорьж, батлах, байнгын тэмцлээр дамжуулан боломжоо хурцлах, хамгийн шилдэг, хамгийн хүчтэй, хамгийн үзэсгэлэнтэй байх, төгс төгөлдөрт улам ойртохын тулд тэмүүлэх талбар байв.

Орчин үеийн хүмүүсийн чихэнд миний сая дүрсэлсэн зүйл, энэ амьдралын хэв маяг хачирхалтай, магадгүй бүр харгис хэрцгий сонсогдож магадгүй гэдгийг би мэдэж байна. Манай үеийн олон үзэл суртлын идеал нь илэн далангүй хэлэхэд ялалтын алдар нэр ч үгүй, ялагдлын ичгүүр ч үгүй, эрсдэл эсвэл бүтэлгүйтлээс ангид, төгс аюулгүй байдлын ертөнц болсон. Өнөөдөр бид жишгээ бууруулах үйлдэл хэтэрхий олон удаа хийж байна. Бид хэнийг ч азгүйтүүлэхгүй байх стандарт боловсруулдаг; бид хамгийн шилдэг хүмүүсийн боломжоос илүү хамгийн муу хүмүүсийн тав тухыг илүүд үздэг. Бид өөрсдийн дундах хамгийн онцгой зүйлсээ дундаж, жирийн, тааруухан зүйлсийн барьцаанд байлгадаг.

Парфеноныг бүтээсэн хүмүүс жишгээ дээшүүлэх үйл хийсэн. Тэд амьдралын хамгийн дээд бөгөөд хамгийн эрхэм тэмүүлэл бол бусдаас давуу байх, бүх зүйлд хамгийн шилдэг нь байх гэж тэмүүлэх явдал гэж үздэг байв. Эртний Герегийн хот-улсууд хүчтэй хүсэл тэмүүлэл, өрсөлдөөн, фракц, мөргөлдөөнөөр дүүрэн байв. Гэвч тэрхүү ялгарах гэсэн байнгын тэмцлээс Газар дундын тэнгисийн хотуудын нэгдлийг дэлхийн хамгийн аугаа соёл иргэншлийн голомт болгон хувиргах тэрхүү урлаг, гүн ухаан, улс төр, оюун санаа асар ихээр хөгжиж цэцэглэсэн юм.

Эртний Герегчүүдийн нэрлэдэгчлэн thumos буюу хүсэл тэмүүлэл, хүч чадал, зориг, бахархлын гал бол аугаа соёл иргэншлийн зүрх юм. Түүнгүй бол? Түүнгүй бол үндэстнүүд тэмцэх хүсэл, тэмүүлэх хүсэл, оршин тогтнох хүслээ алддаг.

Өнөөдөр Өрнөдийн хэтэрхий их хэсэг нь энэ чанараа мартжээ. Цаг хугацаа өнгөрөхөд Өрнөдийн хүмүүс бид биднийг онцгой болгосон зүйлсээсээ ичих болсон. Бидний ололт амжилт биднийг дэлхийн бусад орноос ялгаруулж байгаад бид санаа зовж байв. Бидний хөгжил цэцэглэлт ямар нэг байдлаар гэм буруугийн эх үүсвэр болсон. Бид аугаа байдлыг хүртэх ёстой, үүнийг олж авсан гэдэгтээ итгэхээ больсон.

“Үндэсний үзэл” гэдэг үг муу үг болсон. Тиймээс бид хөшөө дурсгалаа нурааж, өөрийн түүхийг буруутгав. Хэтэрхий олон газар бид хүүхдүүддээ өвлөж авах улс орноосоо ичих ёстой гэж заасан. Энэ явцад бид хилээ нээж, үйлдвэрлэлээ гадны оронд шилжүүлж, цэргийн хүчээ сулруулж, доройтуулах болсон.

Жил ирэх тусам бид бүрэн эрхт байдлаа улам ихээр гадны оронд шилжүүлж, шийдвэрээ бидний хяналтаас хол байгаа дэлхийн товчоодод шилжүүлж байгаа мэт харагдаж байв.

Гэвч бидний үлдээсэн орон зайг, бидний сул дорой байдлаас болж үлдсэн тэр орон зайг бусад улс нөхөхдөө маш баяртай байсан. Өрнөдийн итгэл алдрах тусам түүний дайсан, өрсөлдөгчид нь улам бүр итгэлтэй болж, бидний өмнөөс өөрсдийнхөө баялаг, эрх мэдлийг нэмэгдүүлсээр байв.

Одоо, өнөөдөр бид салаа замын уулзварт ирээд байна. Учир нь дараагийн арван жил, бас бидний гаргах шийдвэрүүд дараагийн зууны түүхийг бичих болно. Бидний баримтлах чиглэл Өрнөд дэлхийн тэргүүн эгнээнд байр сууриа хадгалах уу, эсвэл ирээдүйн доройтол, боолчлол, уналттайгаа эвлэрэх үү гэдгийг тодорхойлно. Бид яг одоо үйлдэл хийхээр шийднэ, үгүй бол ерөөсөө үйлдэл хийх ч боломжоо бүрмөсөн алдах болно.

Ерөнхийлөгч Трампын удирдлага дор АНУ өөрийнхоо сонголтоо хийсэн. Бид үндэсний хүч чадлаа нэмэгдүүлэх гэж тууштай хөөцөлдөхийг сонгож байна: нийлүүлэлтийн чухал сүлжээгээ хяналтдаа авах, эдийн засгаа дахин үйлдвэржүүлэх, батлан хамгаалах салбараа сэргээх, ирээдүйн технологи, үйлдвэрлэлийн салбарт давамгайлахын төлөө тэмцэхийг сонгож байна.

Бид шинэ хил хязгаарт хүрэхийг сонгож байна: дэвшилтэт үйлдвэрлэл ба супер оюун; дрон, зэвсэг, дайны ажиллагаа; чип, ашигт малтмал, кибер болон хүний боломжийн бусад бүх салбарт хүрэхийг сонгож байна. Эрчим хүчээ чөлөөлөх, үйлдвэрүүдээ сэргээх, сансрын нисгэгчдээ саран дээр буцааж авчрах, сансар огторгуйг судлах шинэ эринийг эхлүүлэхийг сонгож байна.

Эрхэм дээд идеалуудтай байсан ч гэсэн эртний Герегчүүд гэнэн байсангүй. Үндэстнүүдэд ашиг сонирхол байдгийг тэд ойлгодог байв. Төрийн хэрэгт хянуур зан, дипломат ажиллагаа шаардлагатайг тэд ойлгодог байсан ч хянуур зан, дипломат ажиллагаа бүтэлгүйтсэн үед хүч хэрэглэх чадвар шаардлагатайг тэд ойлгодог байсан. Эрх мэдэл нь зөвхөн өөрийгөө хамгаалах хэрэгсэлтэй байхыг шаарддаг төдийгүй, үүнийг ашиглахад бэлэн байна гэсэн итгэлийг шаарддаг гэдгийг тэд ойлгосон.

Энэ бол Трампын засаг захиргааны сэргээхийг хүсч буй улс төр, төрийн хэргийн талаарх сонгодог ойлголт юм. Үүнийг зөвхөн манай улсын төдийгүй соёл иргэншлийнхээ төлөө сэргээнэ.

Европ удаан нойрноосоо сэрж, хэдэн мянган жилийн өмнө энд ассан галыг дахин бадрааж чадна гэдэгт бид итгэдэг.

Хэдийнээ шинж тэмдгүүд илэрч байна.

Энэ тив даяар үе үеийн шилжилтийн эхлэл болно гэж найдаж буй үйл явдлуудын гэрч бид болж байна: батлан хамгаалахын зардал огцом өсөж, шинэ түншлэл, хөтөлбөрүүд бий болж, үйлдвэрлэл тэлж байна. Энэ бол өнгөрсөн жил Гааг хотод батлан хамгаалах салбарт хүлээсэн түүхэн үүрэг амлалтын үргэлжлэл юм.

Грек улс энэ шилжилтийн төвд байна. Энэ үндэстний ард түмэн Европ болон АНУ-ын алинд нь ч эрчим хүчнээс эхлээд хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, батлан хамгаалах хүртэлх бүх зүйл дээр орлуулшгүй найз гэдгээ дахин баталлаа. Грек улс батлан хамгаалах салбарт үлгэр жишээ холбоотон байсаар ирсэн.

Европын бүх орнууд та бүхний жишээг дагана гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна.

Хүсэл тэмүүлэл нь заримдаа АНУ болон Европын хоорондын харилцааг хурцатгаж байсан ч үүнийг таслахыг зөвшөөрч болохгүй. Бид хамтдаа манай үеийн аюул заналхийлэлтэй нүүр тулах чадвартай эвслийг бэхжүүлэх ёстой.

Бид чадна. Учир нь бид трансатлантикийн эв найрыг нэг тал нь хожиж, нөгөө тал нь хожигддог тоглоом байх ёстой гэж итгэдэггүй. Харин ч эсрэгээрээ: бидний алсын хараа бол хүч чадал нь түүний хэсгүүдийн нийлбэрээс илүү байх эвсэл юм.

Энэ бол өнгөрсөн сард АНУ, Дани, Гренландын хооронд байгуулсан, урьд өмнө байгаагүй шинэ хэлэлцээрээс бидний олж харсан алсын хараа юм. Энэхүү хэлэлцээр Арктикийн бүс нутгийг дахин тодорхойлж, НАТО-гийн бүх гишүүдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх болно. Энэхүү хэлэлцээрийн гурван түнш бүгд ялагч болсон. Үүний ачаар Европ бүхэлдээ, НАТО, АНУ улам аюулгүй, хүчирхэг, баталгаатай болсон.

Бид хамтдаа ялахыг хүсч байна. Бид хамтдаа ялах ёстой.

Өнөөдөр гэгээрсэн гадаад бодлого бол өөрийн ард түмнээс илүү дэлхийн хамтын нийгэмлэгийг нэгдүгээрт тавихыг хэлнэ гэж итгэх явдал юм гэж үзэх нь моод болсон. Энд бас бидэнд эртний Герегийн хүмүүсээс суралцах зүйл их байна гэж би бодож байна. Учир нь тэд өөрийнхөө үндэстэнд үнэнч байх, түүний ашиг сонирхлыг хамгаалахын төлөө тэмцэхэд ямар ч хувиа хичээсэн эсвэл буруу зүйл байхгүй гэдгийг мэддэг байсан.

Тэд аугаа хүний идеалд, өөрийн үйлсээр мөнхөрдөг онцгой хувь хүний идеалд маш их итгэдэг байв. Гэвч алдар нэр нь өөрөөсөө илүү том зүйлийн төлөө тэмцэж, золиос гаргаж, аугаа амжилтанд хүрснээр олддог гэдэгт тэд итгэдэг байв. Эртний Герегийн ертөнцийн үе үеийн баатар нь өөрийн үнэнч байдалд зохих үйл хэргийн төлөө ямар ч үнэ төлөхөд бэлэн байсан хүн юм.

Үүнийг бид үнэнийг эрэлхийлэхийн төлөө өөрийн амиа золиослохоос ч татгалзаагүй Сократаас харж байна. Персийн асар их армид бүслэгдсэн, найдваргүй цөөнх болсон 300 Спартанчуудын домогт тэмцлээс бид үүнийг харж байна. Тэд өөрсдийгөө аврах боломжоос татгалзаж, өөрийнхөө байр сууриа эсвэл үүргээ орхихоос илүүтэй сүүлийн хүнээ амь эрсэдтэл тэмцэхийг сонгосон. Мөн Ахиллесын туульсаас бид үүнийг харж байна. Түүнд гэртээ харьж, урт удаан, амар амгалан амьдрах сонголт байсан ч тэр оронд нь Троя хотод үлдэж, мөнхийн алдар нэр хөөцөлдөж үхэхийг сонгосон.

Эдгээр чанар Өрнөдийн ёс суртахууны үзэл санааг дахин хэлбэржүүлэх болно. Итгэл үнэмшлээсээ урвахаас татгалзсан Христийн шашны зүтгэлтнээс эхлээд эх орныхоо төлөө амиа өгсөн эх оронч хүртэл; Гэгээн Томас Мороос эхлээд Аламогийн тулалдаан хүртэл, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын мөнхийн эцсийн үгс хүртэл үргэлжилнэ. Тэнд: “Бид бие биедээ өөрсдийн Амь нас, Хөрөнгө чинээ, ариун нэр төрөөрөө харилцан тангараглаж байна” гэсэн байдаг.

Өрнөд үүрэг хариуцлагын мэдрэмж, өөрийн дүрэм журам, үйл хэрэг, эх орондоо үнэнч байх байдлыг Герегчүүдээс өвлөж авсан. Манай баатрууд, Өрнөдийн баатрууд бол үүргээ биелүүлэхэд хамгийн хэцүү, шаналгаатай үед ч үүрэгтээ үнэнч үлдэхийг сонгосон хүмүүс юм: тэд бол үгэндээ хүрдэг хүн, байрлалаа орхихгүй цэрэг, хөлөг онгоцтойгоо хамт живдэг ахмад.

Энэ бол одоо ч бидний олж харж байгаа зүйлээс, жишээлбэл, Ираны радикал молла нар шиг фанатуудаас огт өөр юм. Тэдний үхлийн тахил нь хүүхэд амиа золиослогчдыг үндэсний баатар хэмээн өргөмжилж, шашны төлөө үхэх явдлыг өөрөө зорилго болгон дүрсэлдэг.

Манай баатрууд үйл хэргийнхээ төлөө үхэхэд бэлэн байж болох ч манай баатрууд үхлийг шүтдэггүй. Бид амьдралыг үнэлдэг учраас л зарчимдаа урвахаас илүү амиа золиослох баатарлаг үйлсийг хүлээн зөвшөөрдөг. Одоо бид Өрнөдийн эдгээр зүйлсийн талаарх ойлголтыг — баатарлаг үйлс, нэр төр, үүрэг — энгийн байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг. Бид эдгээрийг ямар нэг байдлаар бүх цаг үе, бүх газрын бүх хүмүүст нийтлэг байдаг гэж үздэг. Тэд тийм биш. Эдгээр нь энд үүсэж, түүний дараа гарч ирсэн соёл иргэншлийн түүхийг бүхэлд нь хэлбэржүүлсэн өвөрмөц шинж чанарын үр жимс юм. Энэ бол өнөөдөр бид өвөг дээдсийнхээ адил хүсэл тэмүүллээр хамгаалахын төлөө тэмцэх ёстой соёл иргэншил юм.

Парфеноныг босгосон хүмүүсийн халааг Европын Христийн шашинт орнуудын архитекторууд авч, Милан, Кёлн, Флоренцийн сүм хийдүүдийг босгосон. Хүний биеийн галбирыг төгс болгох гэсэн эртний Герегийн барималчдын тэмүүлэл Микеланджелогийн бүтээлээс шинээр илэрч харагдсан. Герегийн гүн ухаантнуудын орчлон ертөнцийн бүтцийг эрэлхийлэх эрэл хайгуулыг Коперник, дараа нь Галилей, дараа нь Кеплер, Ньютон өвлөж авсан.

Шинэ мэдлэг олж авах гэсэн хүсэл эрмэлзэл нь Магелланы дэлхийг тойрсон анхны аян, Колумбын Америк тивийг нээсэн нээлт, эцэст нь Аполло 11-ийн саран руу хийсэн аялалыг төрүүлсэн. Македоны Александрыг  мэдэгдэж байсан бүх ертөнцийг байлдан дагуулахад хүргэсэн тэр зан чанарууд Цезарь, дараа нь Аугаа Карл, Кортес нарт дахин илэрсэн.

Америкт тэрхүү уламжлал өөрөө дахин шинээр мэндэлсэн. Өргөн уудам, зэрлэг энэ нутаг Өрнөдийн үзэл санаа, амбицыг сэргээх аугаа газар болсон. Шинэ хил хязгаар руу тэмүүлэх Герег тэмүүлэл Америкийн хил хязгаарыг тэлэх үзэл санаа болсон. Афин, Ромын соёл иргэншил далайн эрэг орчмын нялх бүгд найрамдах улсыг тив дамнасан эзэнт гүрэн болгон хувиргасан.

Үе үеийн хамгийн аугаа Америкчууд өвөг дээдсийнхээ илэрхий шинж чанарыг тээж ирсэн — Афинд төрж, Ромд хэлбэржиж, Христийн шашинд баптисм хүртэж, дундад зууны Европын зууханд хатуужиж, Английн эрх чөлөөний суут ухаанаар шагнагдаж, дараа нь Атлантын далайг гатлан шинэ ертөнцийн эрэг дээр дахин төрсөн.

Бид хамтдаа одоо тэр үзэл санааг дахин нээх ёстой. Бид эргэлтийн цэг дээр байна — бид зөвхөн манай үндэстний түүх төдийгүй, соёл иргэншлийн маань түүхэн дэх эргэлтийн цэг дээр байна.

Өнөөдөр бидэнд тулгарч буй аюул заналхийлэл эртнй драмын тайзан дээр байсантай адил бодитой байна.

Олон-улсын байгууллагуудын өмнө үндэстний ашиг сонирхол алга болоогүй. Бид энх тайвныг илүүд үзсэн учраас л дайн алга болоогүй. Бусад улс орнууд зэвсэглэж, нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж, газар нутаг, технологи, нөөц баялаг, зах зээл, эрчим хүч, эрх мэдлийн төлөө өрсөлдсөөр байв.

Одоо дахин дайн дэгдлээ. Аугаа гүрнүүдийн хооронд дахин шинэ өрсөлдөөн бий боллоо. Сул тал, түрэмгийлэл, терроризм, шинэ аюул заналхийлэл, халдлагуудын бүхэл бүтэн ертөнц дахин бий боллоо.

Тиймээс бид эдгээр аюул заналхийлэлтэй хамтдаа нүүр тулахын тулд институт, эвслээ дахин байгуулах ёстой. Эдгээрийн зорилго нь тэднийг бүрдүүлдэг үндэстнүүдийн бүрэн эрхт байдлыг устгах биш, харин тэднийг хамгаалах явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндэстнүүд нийтлэг ашиг сонирхлоо хүлээн зөвшөөрөхийн тулд өөрийн өвөрмөц онцлогоо орхих шаардлагагүй.

Бид энд Грек дэх түншүүдтэйгээ үүний үлгэр жишээг бүтээсэн. Батлан хамгаалахын түншлэл, эрчим хүч, технологийн салбарт, мөн Европын хил хязгаарыг олныг хамарсан шилжилт хөдөлгөөний аюулаас хамгаалах гэсэн нийтлэг амбицдаа бид үүнийг харуулсан.

Бидний найрамдал манай үндэстний эхний жилүүдээс эхтэй. Грек улс Османчуудын хэдэн зууны ноёрхлын дараа тусгаар тогтнолоо сэргээхээр 1821 онд босоход Америкчууд тэр тэмцлээс танил зүйл олж харсан. Гурван жилийн дараа Америкийн аугаа төрийн зүтгэлтэн Даниэл Уэбстер Конгресст алдартай үг хэлж, Грекийн хувьсгалын үйл хэргийг Америкийн залуу бүгд найрамдах улсын төлөөлөгчдийн анхааралд оруулахад тусалсан.

Тэрбээр тэдний анхаарлыг эргэн тойрных нь бүх зүйлд хандуулж эхлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ ийнхүү хэлсэн: “Засгийн газрын энэхүү чөлөөт хэлбэр, энэхүү ардын хурал… чөлөөт мэтгэлцээн, олон нийтийн хэлэлцүүлэг, оюун ухаан оюун ухаантайгаа уралдах энэхүү дадлага… тэр ч байтугай бидний цугларсан энэхүү барилга, эдгээр тэнцвэртэй багана, энэхүү чимэглэсэн архитектур, энэ бүгд Герег оршин тогтнож байсныг, мөн бид хүн төрөлхтний бусад хэсгийн адил түүний өмнө маш их өртэй гэдгийг сануулж байна.”

Тэр үгсийг хэлэх үед үнэн байсантай адил өнөөдөр ч үнэн хэвээр байна. Бид бүгдээрээ — зөвхөн Америкчууд төдийгүй Европчууд, Өрнөд даяарх манай найз нөхөд — өвөг дээдсийнхээ энэ газраас, түүний түүхээс дахин сургамж авах ёстой.

Герегийн түүх — Герегийн түүх бидэнд манай институцүүдын хамгийн эртний хэлбэрийг зөвхөн харуулдаггүй. Герегийн түүх бол бид өөрсдийнхөө дүр төрхийг харах толь.

Энэ нь биднийг аугаа баатруудын өв залгамжлагчид гэдгээрээ, мөн бид хаанаас гаралтайгаараа бахархах ёстой — үнэхээр их бахархах ёстой гэдгийг харуулж байна. Өвөг дээдэс маань энэ нутагт цогцлоож бүтээсэн бүхнийг бид бишрэх ёстой. Манай соёл иргэншлийн түүх бол хүн төрөлхтний мэдэх хамгийн аугаа түүх юм. Энэ түүх энд, Өрнөдийн анхны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс эхэлсэн. Тэднээс — тэднээс л — бид манай үед тулгарч буй аюул заналхийлэлтэй нүүр тулах үйл үйл, зориг, хүч чадлыг дахин олж нээж чадна.

Баярлалаа.

Марк Рубио

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга 

2026-10-07

Афин хот

Онлайн эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=eOv1DpML7I4 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Picture of admin

admin

Онцлох нийтлэл

Холбоотой нийтлэлүүд