Ноён Ерөнхийлөгч, төр засгийн тэргүүнүүд, дэлхийн ард түмний төлөөлөгчид өө, өнөөдөр би нийт Аргентинчуудын ерөнхийлөгчийн хувиар та бүхэнд гурав дахь удаагаа хандаж байна.
Түүхэн дэх хамгийн хүнд хямралын ирмэгт тулж, сүйрсэн улсын удирдлагыг хүлээн авах үед бидэнд эхнээсээ нэг зүйл тодорхой байсан. Бид асуудалтайгаа туйлын үнэнчээр нүүр тулах ёстой байв. Өөрсдийгөө тайвшруулахын тулд худал хэлэх нь биднийг хаашаа ч хүргэхгүй байсан. Үргэлж тайвшруулсан худал үгнээс илүү тухгүй үнэнийг хэлэх нь дээр байдаг.
Тиймээс энэхүү байгууллагад тулгарч буй асуудлуудыг бүтээлчээр цохон тэмдэглэхдээ юу ярьж байгаагаа сайн мэдэж байна гэдэгт минь итгээрэй. Энэ байгууллага улс орнуудыг чиглүүлж, тэдний хооронд зуучлах зорилготой. Энэ хүрээнд би өнөөдөр гурван асуудлын талаар ярихыг хүсэж байна. Нэгдүгээрт, энэ байгууллага юу хийх ёстой байсан ч түүнийг хийж чадаагүй вэ. Хоёрдугаарт, юу хийх ёсгүй байсан ч хийсэн бэ. Гуравдугаарт, хиймэл оюун гарч ирж буй энэ үед баримтлах байр суурийн талаар өгүүлнэ.
2-р бүлэг: Мальвины арлуудын маргаан
78 жилийн өмнө энэ танхим бүх хүн төрөлхтөн эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд тэгш эрхтэй төрдөг болохыг тунхагласан. Би эдгээр эрхэм үгсийн үзэл санааг бүрэн хуваалцдаг. Энэ зорилгын үүднээс олон улсын хуулийг дээдлэх, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хамгаалах, мөргөлдөөнийг зэвсгийн хүчээр бус хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх индэр бий болгохыг зорьсон.
Энэ бол бид бүгдийн гарын үсэг зурсан гэрээний анхны зорилго байв. Гэвч өнөөдөр харамсалтай нь, нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Бодит байдал дээр энэхүү ариун гэрээ зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ нь зүгээр л сайн санаат хүнд сурталтны дүрд хувирсан туйлын их зантай шимэгчдийн бүлгийг тэжээх зорилготой ашиггүй байгууллага болж хувирчээ. Би тэдэнд Мизэсийн хэлсэн үгийг сануулмаар байна. Сайн хүмүүс бусдын амьдралыг хянах тухай боддоггүй.
Хамтын аюулгүй байдал, хүний эрхийг баталгаажуулах ёстой байсан хүмүүс үүргээ биелүүлж чадсангүй. Үүний оронд тэд эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, олон улсын терроризм цэцэглэн хөгжих боломж олгосон. Хүний эрхийг хамгаалагч хэмээгддэг хүмүүс гудамжинд эмэгтэйчүүдийг чулуугаар шиддэг цуст дарангуйлагчид болон дэглэмүүдийг өмгөөлөн хамгаалж байна. Тэд Израилийн эсрэг системтэйгээр санал өгдөг хэрнээ Исламын терроризм болон Африк дахь Христэд итгэгчдийг хоморголон устгах ажиллагааны өмнө чимээгүй байсаар байна. Мөн энэ нь хангалтгүй мэт, гишүүдийнхээ газар нутгийн бүрэн эрхт байдлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан байгууллага Мальвины арлууд, Өмнөд Жоржиа болон Өмнөд Сэндвичийн арлууд, тэдгээрийн орчмын далайн бүсийн нөхцөл байдлыг нүдэн балай өнгөрөөхөөр шийджээ.
Бидний хувьд Мальвины арлууд бол үндэсний үйл хэрэг юм. Би дахин хэлье, Мальвин бол бидний хувьд үндэстний үйл хэрэг. Мөн энэ асуудал бол олон улсын байгууллагуудын зорьж буй үгс болон тэдний үйл ажиллагаа явуулдаг бодит байдал хоорондын ангалыг шалгах сорилт юм. 50 жилийн өмнө энэ чуулган 3149 тоот тогтоол баталж маргаан шийдвэрлэгдээгүй байхад талуудыг нэг талын өөрчлөлт оруулахаас татгалзахыг уриалсан.
50 жил өнгөрсөн ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Гэсэн хэдий ч нэг талын өөрчлөлтүүд үргэлжилсээр байна. Өнөөдөр “Sea Lion” төсөл нь Британийн лицензийн дагуу Хойд Мальвины сав газарт, Аргентиний эх газрын тавцан дээр газрын тос олборлоход чиглэж байна. Үүнийг Аргентин хууль бус, үндэслэлгүй гэж үзэж, няцааж байна. Бүгд Найрамдах Аргентин Улсын зөвшөөрөлгүй аливаа ийм үйл ажиллагаа нь НҮБ-ын Далайн эрх зүйн конвенц зэрэг олон улсын хууль болон Аргентиний дотоодын хууль тогтоомжийн дагуу хууль бус үйлдэл болно. Тиймээс би нэг асуулт асуумаар байна. Олон арван жилийн турш нөгөө тал нь тогтоолыг шууд зөрчин үйлдэл хийж байхад, тэр тогтоол нь архивт хэвээрээ боловч бодит байдлын өмнө хүчин мөхөс байвал тогтоолын хэрэг юу байна вэ?
Үг, тогтоол дутагдаж буй зүйл алга. Дутагдаж байгаа зүйл бол үр дагавар, хариуцлага юм. Учир нь үг нь бодит ертөнцөд жинтэй байхыг баталгаажуулж чаддаггүй байгууллага хамгийн чухал зүйл болох эрх мэдлээ алддаг. Ийм нөхцөлд дүрэм дагасан хүмүүс ямар ч урамшуулал дэмжлэг авдаггүй бол, дүрэм зөрчсөн хүмүүс ямар ч үр дагавар хүлээдэггүй. Тийм ч учраас Мальвины арлууд бол зөвхөн Аргентин, Их Британи хоёрын хоорондын асуудал биш. Энэ нь мөн энэ байгууллага өөрийнхөө тогтоолоо хэрэгжүүлэх чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
3-р бүлэг: Аргентиний шинэ чиг хандлага
Аргентин энэ бодит байдлыг анхааралдаа авсан бөгөөд маргаантай бүсэд бидний баялгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаагийн эсрэг бид арга хэмжээ авсан. Бид эсэргүүцлийн албан бичиг хүргүүлсэн. Бид өөрсдийн мэдэлд байгаа хууль, эрхзүйн арга хэрэгслүүдийг ашигласан. Бид холбогдох компаниуд болон тэдний нийлүүлэгчдэд хориг тавьсан.
Мөн бид Үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах хуулийн төслийг Конгресст өргөн барьсан. Хэтэрхий удаан хугацаанд Аргентиний засгийн газрууд үгээр буусан хамгаалалт ашиглахыг сонгож ирсэн. Бид энх тайван, бодит бөгөөд үр дүнтэй хамгаалалттай байхыг сонгож байа. Би давтан хэлье, бид энх тайван, бодит бөгөөд үр дүнтэй хамгаалалттай байхыг сонгож байна. Мөн би энэ арлуудын хүн амын талаарх байр сууриа дахин илэрхийлэхийг хүсэж байна. Энэ чуулган олон тогтоолоороо баталсанчлан бүрэн эрхт байдал нь маргаантай байгаа газар нутагт эзлэн түрэмгийлэгч гүрэн хүн амаа зориудаар суурьшуулсан тул энэ тохиолдолд өөртөө засах эрхийн зарчим үйлчлэхгүй.
Тэрхүү зарчим колоничлогдсон ард түмнийг чөлөөлөхийн тулд оршдог болохоос колоничлолоос үүссэн нөхцөл байдлыг хууль зүйн дагуу болгохын тулд оршдоггүй. Хэрэв Их Британи Мальвины арлуудтай холбоотой өөртөө засах эрхийн зарчмыг өөрийн сонгосноор тайлбарласаар байх юм бол тэрхүү байр сууриа өөрийн нутаг дэвсгэр дээрх өөртөө засах эрхийн талаарх мэтгэлцээнтэй хэрхэн уялдуулж байгаагаа тайлбарлах ёстой.
Бид олон улсын хуулийн шаардлагын дагуу бүрэн эрхт байдлын маргааныг тайван замаар шийдвэрлэхийн тулд хэлэлцээгээ сэргээхийг Их Британид дахин уриалж байна. Мөн манай байгалийн баялгийг ашиглах талаарх дээрх маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд санал солилцох ажиллагааг нэн даруй эхлүүлэх урилгаа дахин нотолж байна.
Би дэлхийн эрчим хүчний салбарынханд бас нэг зүйлийг хэлмээр байна. Вака Муэрта (Vaca Muerta) бол ирэх арван жилүүдэд эрчим хүчний салбарын хамгийн том тоглогчдын нэг болох нөөц бололцоотой түүхэн боломжийн жишээ байх болно. Ирж хөрөнгө оруулалт хийж, бидэнтэй хамт хөгжүүлээрэй. Гэхдээ энэ урилгад хязгаар бий. Хууль бус гадаадын эзлэн түрэмгийлэл дор баялгийг ашиглаж буй хүмүүст бид хайхрамжгүй хандахгүй. Аргентиний байр суурь тодорхой. Өнөөдөр би НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг өөрсдийн мандатаа биелүүлэхийг Аргентин хүлээгээд суухгүй гэдгийг хэлэхээр ирлээ.
Бид асуудлыг өөрсдийн гарт авах болно. Хэтэрхий удаан хугацаанд Аргентин өөрсдийгөө унагаж сулруулж ирсэн. Бид өөрсдийгөө ядууруулсан. Бид өөрсдийгөө тусгаарласан. Бид ач холбогдолгүй зүйлсээр хөөцөлдсөн. Бид хэрхэн дахин өсөн дэвжих, алдсан зүйлээ хэрхэн сэргээн босгохыг өөрсдөөсөө асуухын оронд үлдсэн зүйлээ хэрхэн хувааж идэдх талаар маргалдаж дассан байв.
Энэ бүхэн дууссан. Бид аль хэдийнээ хэтэрхий их зүйлээ алдсан. Бид дахин алдахыг хүсэхгүй байна. Тийм учраас бид чөлөөт үйлдвэрлэлийн капитализмыг хүлээн зөвшөөрсөн. Бид эдийн засгаа худалдаа, хөрөнгө оруулалтад нээж байна. Бид стратегийн нөөц баялгаа хөгжүүлэх тал дээр ахиц гаргаж байна. Бид технологийн хувьсгалыг угтан авч, олон арван жилийн турш орхигдуулсан цэргийн чадавхиа сэргээн босгож байна. Мөн бид геополитикийн сонголт хийсэн. Бид үнэт зүйл болон стратегийн хувьд бие биенээ нөхөх гүн гүнзгий нэгдмэл байдалтай Баруун, АНУ, Израил улсуудтай нэгдсэн гэдгээ хоёрдмол утгагүйгээр илэрхийлж байна. Тийм ч учраас Ираны дэглэмээс Израил улсын эсрэг хийсэн халдлагыг бид буруушааж байна. Бид Ираны Хувьсгалт Гвардийг террорист байгууллага гэж зарласан бөгөөд 1992, 1994 онд Аргентиний нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хоёр террорист халдлагын төлөө шударга ёсыг үргэлжлүүлэн шаардсаар байх болно.
Бид дэлхий дахинтай хамтран ажиллахаар шийдсэн, гэхдээ улс төрийн хувьд ач холбогдолтой, эдийн засгийн хувьд нөлөөтэй, цэрэг армийн хувьд хүндлэгдсэн үндэстэн л өөрийнхөө хувь заяаны жинхэнэ эзэн нь байж чадна гэсэн ойлголттойгоор, толгойгоо өндөрт өргөн хамтран ажиллах болно.
4-р бүлэг: Дэлхийн бодлогыг шүүмжлэх нь
Ноён Ерөнхийлөгч өө, НҮБ хэрхэн хийх ёстой зүйлээ хийж чадаагүйг би сая харуулсан шиг, одоо хэн ч гуйгаагүй, огт хийх ёсгүй байсан зүйлээ хэрхэн гарамгай сайн хийсэн талаар хэлмээр байна. Учир нь энэхүү бүтэлгүйтлийн хажуугаар тэд дэлхийн ард түмэн, иргэд нь хэрхэн амьдрах ёстойг шийддэг хүнд сурталт Левиафан (Атгаалжин Хар Мангас)-ыг бүтээжээ. Энэ бол анархизм болон дарангуйллын сонирхолтой холимог бөгөөд цуст дарангуйлал, террорист байгууллага зэрэг хамгийн наад захын ёс дүрэм зөрчдөг хүмүүсийн өмнө арчаагүй байдалтай атлаа ёс дүрэм дагаж мөрддөг либерал ардчилсан орнуудад Оруэллийн хяналт тавьж, тулгадаг. Бид үүнийг Мянганы хөгжлийн зорилтуудаас харсан.
Эдийн засгийн зохицуулалт, жендэрийн хөтөлбөр, байгаль орчны хэт даварсан үзэл, хяналтгүй цагаачлал бүхий 2030 хөтөлбөрөөс бид үүнийг харсан. Тэд бүтэлгүйтэх бүрдээ загвараа эргэн харж эсвэл уучлалт гуйхын оронд илүү ихээр улайрч байв. Тэд одоо 2045 хөтөлбөр дээр ингэж байгаа бөгөөд би энэ хөтөлбөр ч бүтэлгүйтэх болно гэдгийг одоо хэлье. Гэхдээ хамгийн ноцтой бөгөөд энэ байгууллага үүрд ичиж явах ёстой өөр нэг жишээ бий. Тэр бол цар тахлыг хэрхэн удирдсан явдал юм. Цар тахлын үед энэ байгууллагын ивээл доорх байгууллагууд шинжлэх ухааны нотолгоо, үндэстнүүдийн бүрэн эрхт байдлаас өөрсдийгөө дээгүүр тавьж, албадлагын хөл хорионы бодлогыг дэлхий даяар сурталчлан хэрэгжүүлсэн нь ажлын байруудыг үгүй хийж, бүхэл бүтэн үеийн хүүхдүүдийн боловсролыг сүйрүүлж, олон сая хүний наад захын эмнэлгийн тусламж авч чадалгүй ганцаардаж амиа алдахад хүргэсэн. Зарим хүмүүс үүнийг нийгмийн эрүүл мэндийн бодлогын алдаа гэж үздэг бол бид үүнийг шинжлэх ухааны нэрээр өнгөлөн далдалсан нийгмийн хяналтын дэлхийн хэмжээний туршилт гэж хардаг. Нийгмийн эрүүл мэндийн харалган маск зүүсэн төр хүн амаа ажиллах, боловсрол эзэмших, талийгаачтайгаа салах ёс гүйцэтгэх эрхгүй болгосон тэр үед л зайлсхийж болох байсан сая сая үхэж үрэгдсэн. Үүнд зориулагдсан нэг үг бий, тэр бол геноцид (аймаглан устгах явдал) юм. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хувьд онц сурлагатан хэмээн өөрөөрөө сайрхаж байсан Аргентин зэрэг олон улс оронд тохиолдсон, тийм ч учраас бид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гарахаар шийдсэн. Үүн дээр нэмээд илүү нарийн боловч ижил хэмжээний хор уршигтай зүйл бий. Тэр бол төрөөс өдөөсөн сэтгэлзүйн террор. Олон жилийн турш дэлхий даяарх иргэдэд айх ёстой гэж хэлж ирсэн. Хөршөөсөө айх, амьсгалж буй агаараасаа айх, гэрээсээ гарахдаа хүртэл айх. Тэр айдас зүгээр нэг гаж нөлөө байгаагүй. Энэ айдас бол тэдний засгийн газруудын зориуд сонгож авсан (хяналтын) хэрэгсэл байсан.
Асуудал юунд байна вэ гэхээр, энэ онцгой байдлууд эцэстээ дуусдаг. Айдас алга болдог. Шинэ үеийнхэн цааш амьдардаг. Гэвч тэрхүү онцгой байдал гэгчийн нэрээр бий болгосон институц, эрх мэдлүүд үлддэг. Хэрэв бид энэ олон бүтэлгүйтлийн дараа сургамж авсан гэдэгт түр зуур ч гэсэн итгэхийг өөрсдөдөө зөвшөөрвөл, хиймэл оюун ухаан гарч ирсэн явдал шал өөр зүйл нотлон харуулж байна.
5-р бүлэг: Хиймэл оюун ухаан
Хэвлэлийн суурь машин, уурын хөдөлгүүр, цахилгаан, интернэт гээд технологийн аугаа хувьсгал бүхэн юуг сүйрүүлэх бол, ялангуяа ажлын байрыг хэрхэх бол гэсэн айдас дагуулж байв. Энэ бол хүнийг амьдрах хэрэгсэл болсон ажлын байртай нь холбон хүмүүст айдас төрүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг мөн гэдэгт эргэлзэх зүйл алга. Аж үйлдвэрийн хувьсгалыг жишээ болгон авч үзье.
Энэ хувьсгал эхлэх үед дэлхий дээр 800 сая орчим хүн амьдарч байв. Хэрэв луддитууд болон мөнхийн гутранги үзэлтнүүдийн хэлдгээр хөдөлмөр эрхлэлт сайндаа л тогтмол хэвээр үлдсэн гэж үзвэл түүнээс хойш дэлхийн хүн ам 10 дахин өссөн тул өнөөдөр дэлхийн ажилгүйдлийн түвшин 90 хувьтай байх байсан.
Энэ бол утгагүй хэрэг. Бидний цөөхөн хэд нь л үүнийг зогсож тунгаан бодсон байх, магадгүй санаагаа туйлд нь хүртэл туршиж үздэг Борхесийг унших дуртай, түүний арга барилыг биширдэг хүмүүсийг эс тооцвол шүү дээ.
Эцсийн дүндээ эдгээр технологийн дэвшил нь ямар ч сүйрэл авчраагүйгээр үл барам, энэ бүхэн нь хүн төрөлхтний хийж чадах зүйлийн хязгаарыг устгасан юм. Өнөөдөр бид хэдхэн сарын өмнө бидний боломжоос давсан мэт санагдаж байсан ажлуудыг гүйцэтгэх чадвартай машинуудыг бүтээжээ. Олон хүн үүнээс аюул харж байхад, бид шинэ хил хязгаарыг харж байна.
Доналд Трампын хэлсэнчлэн хиймэл оюун буюу супер оюун бидний бүтээмжийг бидний хараахан ойлгохгүй байгаагаар хоёр дахин нэмэгдүүлж чадна. Адам Смитийн хэллэгэрээр хэлье. Хиймэл оюун бол 21-р зууны зүүний үйлдвэр байх бөгөөд үүнээс ч илүү байх боломжтой. Энэ нь бидний эдийн засаг, анагаах ухаан, боловсрол, тэр ч байтугай төр барих арга барилыг хүртэл өөрчилж чадна.
Энэ нь болгоомжлохыг шаардаж байгаа нь үнэн, гэхдээ болгоомжлол нь айдас гэсэн үг биш. Түүгээр ч барахгүй, ямар ч нөхцөлд айдас шууд дуулгавартай байдал руу шилжих ёсгүй. Айдас төрүүлж, төрийн хяналтыг зөвтгөхийн тулд байнга яригддаг анти-утопи хувилбарууд эдийн засгийн үүднээс ямар ч утгагүй зүйлс юм.
Хариулт нь Адам Смитэд бий. Хиймэл оюун бол зүүний үйлдвэр дэх хөдөлмөрийн хуваарьтай адил бүтээмжийн өсөлтийг хурдасгагч юм. Гэсэн хэдий ч Смит хөдөлмөрийн хуваарь нь зах зээлийн хэмжээгээр хязгаарлагддаг болохыг тэмдэглэсэн. Тиймээс өсөлт нь төсвийн алдагдалгүй, эсвэл зохиомол мөнгөний нийлүүлэлтгүйгээр бодит эрэлт хэрэгцээгээр хязгаарлагдах болно. Гэхдээ энэ нь бүгд биш. Тэдгээр төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай бөгөөд үүнийг хүмүүсийн нөөцөөр хийх ёстой. Энэ нь тэдний анхны хуримтлуулсан хөрөнгө, баялгийн түвшин юм. Бас энэ нь зах зээлдээ таарсан байх ёстой. Түүгээр ч барахгүй, илүү ихийг үйлдвэрлэхийн зорилго бол хэрэглээний илүү өндөр түвшинд хүрэх явдал юм. Гэвч хэрэглээнээс олж авах сэтгэл ханамж буурах хурдаар өсдөг бол илүү ихийг үйлдвэрлэхийн тулд амралт чөлөөт цагаа золиослосноос үүдэлтэй сэтгэл ханамжийн алдагдал пропорциональ бусаар өсдөг.
Үүний үр дүнд илүү их хэрэглээнээс олж авах ашиг нь амралтаа алдсан гарзтай тэнцэх цэг нь системийг тэнцвэрт байдалд оруулж анти-утопи айдсын ямар ч орон зай тэнд үлдээдэггүй. Тийм учраас төр хиймэл оюуныг хянах ёстой гэж сонсох үедээ бид энгийн нэг зүйлийг санах хэрэгтэй. Төр бол хийсвэр бүтэц биш. Энэ нь хүмүүс, албан тушаалтнууд, хүнд сурталтнуудаас бүрддэг. хамгийн сайн, бас гэм хоргүй тохиолдолд ч инновацийг хянах эрх төрд олгох нь зарим хүмүүст бусад бүх хүмүүсийнхээ юу бүтээж болохыг хязгаарлах эрхийг олгож байна гэсэн үг юм.
Ийм эрх мэдлийг анхааралтай шалгаж үзэх үндэслэл түүх бидэнд олонтаа өгсөн. Олон зууны турш маргаашаас айх айдсыг өнөөдрийн эрх чөлөөг хязгаарлах шалтаг болгон ашигласаар ирсэн. Үргэлж нэг л амлалт хэлдэг байсан. Бидэнд эрх чөлөөнийхөө нэг хэсгийг өг, бид чамайг энэ шинэ аюулаас хамгаална гэдэг. Бид өөр зарчим хэрэгжүүлэх болно. Тодорхойгүй байдлын өмнө бид шийдэмгий байдал санал болгож байна. Айдсын өмнө зориг, уналтын өмнө амбиц, бууж өгөхийн өмнө өөдрөг үзэл санал болгож байна.
6-р бүлэг: Аргентины алсын хараа
Тийм учраас би та бүхэнд хиймэл оюуны тухайд Аргентин эрх чөлөөний тэргүүн эгнээнд байх болно гэдгийг хэлж байна. Бидэнд нэн шаардлагатай ашигт малтмал, эрчим хүч, авьяас чадвар, мөн тэрхүү үнэ цэнийн сүлжээний бүх түвшинд өрсөлдөх чадавхи бий. Мөн бид үүнийг орчин үеийн хуульзүйн орчинтойгоор хөгжүүлэх дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай газар болохыг хүсэж байна.
Энэ бол урьдчилан дүрэм журмаар зохицуулахгүй байх амлалт. Урьдчилан дүрэм журмаар дахин- зохицуулахгүй байх амлалт. Хиймэл оюуны агентуудтай ажилладаг компаниудад хязгаарлагдмал хариуцлага, татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Хиймэл оюун нь геополитикийн хувьд төвийг сахих явдал зүйл биш учраас Барууныхан энэ технологийн хөгжлийг тэргүүлэх ёстой. Энэ нь бидний либертари үндсэн үнэт зүйлс буюу амь нас, эрх чөлөө, хувийн өмчийг хүндэтгэх, хүний нэр төрийн тухай ойлголттой нийцэж байгааг баталгаажуулах хэрэгтэй. Энэ утгаараа бид Ерөнхийлөгч Трампын алсын хараатай бүрэн санал нийлж байна.
Ноён Ерөнхийлөгч өө, бид дараагийн ертөнц бүрэн мэндэлж амжаагүй байхад хуучин ертөнц устаж эхэлдэг түүхийн нэгэн хачирхалтай мөчид амьдарч байна. Энэ бол аюултай цаг үе, гэхдээ бас онцгой цаг үе. Учир нь тогтвортой байдал урт удаан хугацаанд үргэлжлэх үеэр үндэстнүүд өвлөн авсан ертөнцөө л удирддаг. Өөрчлөлтийн үед зарим нь ирэх буй ертөнцийг цогцлоох боломжтой болдог. Аргентин тэдний нэг байхыг хүсэж байна. Бид цаашид ч олон-талт уулзалтуудад сайн санааны үүднээс оролцох болно. Учир нь зарим асуудал биднээс хамтран ажиллахыг шаарддаг. Гэхдээ бид хамтын ажиллагааг захирагдахтай андуурч болохгүй.
Бид эвсэлд, хамгийн гол нь үндэстнүүдэд итгэдэг. Аргентин өөрийн алдаагаа мэддэг улсынхаа туршлагаас ярьж байна. Бид бусдаас тусгаарлагдахын үнэ цэнийг мэднэ. Мөнгөн тэмдэгтээ устгахын үнэ цэнийг мэднэ. Төрөө хүний санаачилгыг байнга боодог саад тотгор болгохын үнэ цэнийг бид мэднэ. Зуун жилийн турш бид өөрсдийнхөө аугаа байдалтай болох боломжоосоо аль болох зайлсхийх бололцоо өгөх бараг бүх аргыг туршиж үзсэн ч, бид амьд үлдсэн. Шархдаж зовсон ч бид тэсэж үлдсэн. Магадгүй тийм учраас өнөөдөр бусад үндэстний мартсан байж болох зүйлсийг бид ойлгодог. Уналт гэдэг бол хувь тавилан биш. Энэ бол дахин давтагдсан шийдвэрүүдийн үр дүн юм. Хэрэв чиг хандлагыг сонгож болдог бол түүнийг бас өөрчилж болно. Аргентины хийхийг хичээж байгаа зүйл бол энэ юм.
Дэлхий дахинд хэрэг болох эрчим хүч бидэнд байна. Бидэнд хоол хүнс байна. Бидэнд чухал ашигт малтмал байна. Бидэнд хүн хүчний авьяас чадвар байна. Бидэнд Өмнөд Атлантын далай байна. Мөн бид Антарктид руу нэвтрэх байгалийн гарц юм. Мөн бидэнд хэтэрхий удаан хугацаанд дутагдаж байсан нэг зүйл байна. Энэ бол өөрсдийн нөөц бололцоог үндэстний хүч болгон хувиргах хүсэл зориг. Бид цэцэглэн хөгжсөн, нөлөөтэй, хүчирхэг Аргентиныг хүсэж байна. Бусдыг эрхшээлдээ оруулахын тулд биш, эрх чөлөөтэй байхын тулд. Бусдыг эзлэн түрэмгийлэхийн тулд биш, харин бидний хувь заяаг Аргентинчууд өөрсдөө шийддэг байхын тулд бид ийм байхыг хүсэж байна. Тийм ч учраас дэлхийн чөлөөт эрэгтэй, эмэгтэй хүмүүст, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, бүтээгчдэд болон шинээр эхэлж болох нутгийг мөрөөдөж ирсэн хүмүүст хандаж би, урагшаа хар гэж хэлье. Тэндээс та бүхэн үржил шимт талбай, газрын тос, ашигт малтмал, хүн хүчний авьяас чадвараар дүүрэн өргөн уудам нутаг олох болно.
Энэ бол үр хүүхдээ өөрсдөөсөө илүү сайхан амьдруулахын тулд далайг гаталж ирсэн сая сая хүмүүсийг хүлээн авч, дэлхийн хамгийн цэцэглэн хөгжсөн үндэстнүүдийн нэгийг цогцлоосон тэр нутаг. Бид тэрхүү өв уламжлалд нийцүүлэн амьдрах хариуцлага хүлээсэн. Одоо бий болж буй ертөнц яг ямар харагдахыг бид мэдэхгүй. Гэхдээ тэр цаг ирэхэд бид ямар үндэстэн байхыг хүсэж байгаагаа мэднэ.
Чөлөөт, цэцэглэн хөгжсөн, бүрэн эрхт үндэстэн, өөрт байгаагаа хамгаалах чадвартай, дэлхий дахинд нээлттэй үндэстэн. Хэтэрхий удаан хугацаанд хориотой мэт санагдаж байсан тэр үгийг дахин хэлэхээс айхгүй үндэстэн. Аугаа байдал.
Аливаа үндэстэнд түүхэнд эзлэх байр суурийг баталгаажуулж өгдөггүй. Үүнийг үеэс үед хөдөлмөр, эрх чөлөө болон өөрсдийн оргил үе ард үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийн шийдэмгий байдал бүтээдэг юм.
Аргентиныг аугаа түүх хүлээж байгаа гэдэгт бид итгэдэг бөгөөд бид түүнийг өөрсдийнх нь болгохоор шийдсэн. Бурхан дэлхийн бүх ард түмнийг ивээх болтугай. Бурхан Бүгд Найрамдах Аргентин Улсыг ивээг. Тэнгэрийн хүч бидэнтэй хамт байх болтугай. Эрх чөлөө мандтугай. Чөтгөр алгадмар!
Нью Иорк хот
2026-09-23