Ингэж тайлж болох уу?
Манай Засгийн газар Рио Тинтод төлдөг зээлийн хүүг 12%-7.9%, менежментийн төлбөрийг 6%-3.95% болголоо гэж саяхан шахуу сүртэй зарласан. Энэ мэдээж сайн зүйл. Өвчтөн өвчин намдаах эмээ ууж байгаа хэрэг.
Ногдол ашгийн тухайд тооцоо хийж үзье.
ОТ-н ирэх жилийн ногдол ашгийн тооцоо $1 тэрбум орчим доллар гэж үзээд, тэндээсээ ₮3 их наядыг яаж хуваарилах, үрэн таран хийх тухай яриа хэсэг өрнөв. Хэрэв 34% нь $1 тэрбум орчим юм бол 66% нь $2 тэрбум буюу Рио Тинто мөн ногдол ашиг тооцож таарна. Нийт $3 тэрбум. Өр зээл алга болохгүй, харин хугацаа сунах уу?
Уг нь ОТ компанийн өр албан бус мэдээгээр $3 тэрбум гэнэ. Рио Тинтод их хэмжээний өртэй хэвээр. Ногдол ашиг тарааж байхаар өр зээлээ төлөх ёстой. Засгийн газар тэр $1 тэрбумыг 7.9%-иас хамаагүй бага өгөөжтэй зүйлд зарцуулна гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна. Тиймээс шуудхан хэлэхэд инфляц, идлэг–уулга, урсгал зардал болгосноос зээлээ төлөх нь хамгийн зөв зам буюу ядаж хүү хэмнэнэ, цаг хугацаа хожно, улсаа хорлохгүй. Улс төрчдөд хэзээ ч итгэж болдоггүй юм.
Одоо оношоо тодорхойлъё.
ОТ-н гэрээний алдаа бол Монгол Улс өөрийн 34% эзэмшлийн хөрөнгө оруулалтыг 66%-ийн хувьцаа эзэмшигчээсээ зээлж авсан явдал. Мэдээж Рио Тинтогүйгээр ОТ хөдлөхгүй байсан. Гэхдээ нөхцөл дээрээ өр зээлийн бүтцээ буруу угсарчихаж. Тэр $2.4 тэрбумын өрийг 2022 онд тэглэсэн. Гэвч ОТ компани нь хамтрагч Риогоосоо зээлсээр ирсэн нь бүтцийн асуудал шийдэгдээгүй хэрэг. Энд ямар асуудал байгааг жишээгээр тайлбарлая.
Би нэг найзтайгаа таксины бизнес хийхээр боллоо гэж төсөөлье. Би 34%, найз 66%, ашиг 20, зээлийн хүү 3.4 гэж бодъё. Гэтэл машин авахад би мөнгө олж чадаагүй тул өнөөх маань надад хүүтэй мөнгө зээлээд хийхээр тохиров. Гэхдээ надад таксины тусгай зөвшөөрөл нь байсан.
Ийм хувилбар дээр гэрээний нөхцөлөөс хамаарч 2 өөр тооцоолол гарч болно.
1. Хэрэв бид компани дээрээ зээл авсан бол бодох арга нь компанийн ашгаас зээлийн хүүг хассаны дараа 34/66-аар хуваах буюу (20-3.4)х34%=5.6 ашиг надад үлдэж, найзад 11 үлдэнэ.
2. Гэтэл би өнөөх хамтрагчаасаа зээлсэн тул бидний ашиг 34/66-аар хуваагдсаны дараа би хүүгээ төлөх буюу 20×34%-3.4=3.4 ашиг надад үлдэж, найзад 11+3.4=14.4 үлдэнэ.
За энд гол асуудал байгаа юм. Ижил хүүтэй зээл байсан ч нөхцөл болоод ашгийн зөрүү том. Би ашгийн эсрэг дуугарч байгаа юм биш шүү!
ОТ компани Риогоос мөнгө зээлсэн боловч, дээрх жишээнээс ялгаатай нь Рио нь өмнөх хугацаанд өндөр хүүгээр тохирчихож. Банкны хүүнээс хэт өндөр бол тэнд ашиг сонирхлын зөрчил үүссэн байх талтай. Угаасаа капиталын бүтэц нь буруу байна. Нэг талд нь зардал, нөгөө талд нь ашиг буюу ачааг тэнцвэртэй үүрэхгүй. ОТ олон улсын банкуудаас SOFR+3.4-3.8% дотор бага хүүтэй тохирч байхад Риогийн зээл SOFR+6,5% байжээ. Товчхондоо өнөөг хүртэлх нөхцөлөөр зээлтэй удах тусам бидний ашиг бага, Риогийн давуу тал, ашиг өндөр ирсэн. Өнөөдөр зээлийн хүүг 12%-7.9%, 6%-3.95% болгож бууруулж хэлцэл хийжээ. Өвчтөн өвчин намдаах эмээ ууж байна.
Тэгвэл цаашдаа яах ёстой вэ?

Мэдээж одоо нөхцөлд эхний алхам ногдол ашиг тараахын оронд Риогийн зээлийг төлөх ёстой. Төр, төсөв, төсөл хөтөлбөр нэртэй хулгай, халамж данхайсаар бид улам доройтож байна. Нөгөөтэйгүүр энэ өр зээлийн бүтцийг өөрчлөх хэрэгтэй. Хэрэв Риогийн зээлийг зах зээлийн нөхцөлтэй гадны хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх тухай авч үзвэл олон улсад Монгол Улс “гэрээ хийсэн ч тогтвортой бус” гэж харагдах магадлалтай тул хамгийн сайн сонголт нь нэг мөр төрийн эзэмшлээ роялти татвараар солих юм. Хэрэв иймэрхүү өөрчлөлтийг хийхгүй бол 10 жилийн дараа ч бид өртэй хэвээр, ногдол ашгийн маргаан үргэлжилсээр л байх болов уу. Би энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Харин гэрээ цаг хугацааны явцад зөвхөн сайжрах учиртай гэж үзэж байгаа юм.
Таны санал, шийдэл юу вэ?
Э. Оргил-Эрдэнэ
2026-10-26
Post Views: 6