Яна Войсешин
(Тэрбээр Канадын Калгари Их Сургуулийн Хаскейн Бизнесийн Сургуульд бизнесийн ёсзүй болон өрсөлдөөний стратеги гэсэн хичээл 30 гаруй жил заасан бөгөөд одоо тус сургуулийн Хүндэт профессор юм)
Бүрэн хэмжээний капитализм тогтохгүй байгаагийн үндсэн шалтгаан бол сонгогчдын сонголтыг чиглүүлдэг өнөөгийн давамгайлж буй ёс суртахууны хэм хэмжээ болох альтруизмтай энэ нь зөрчилддөг явдал юм.
Хувь хүний эрх чөлөө болон чөлөөт зах зээл хамгийн их хөгжил цэцэглэлт бий болгож, хүн төрөлхтнийг сайн сайханд хүргэдэг гэсэн баталгаа нотолгоог үгүйсгэх аргагүй. Өнөөдөр эсвэл түүхийн аль ч үеийг харсан хамгийн эрх чөлөөтэй улс орнууд хамгийн баян чинээлэг байсан бөгөөд ард түмэндээ цэцэглэн хөгжих боломж олгож иржээ. Сингапур, Швейцар, Ирланд, Люксембург, Эстони (Зөвлөлтийн дарангуйллаас чөлөөлөгдсөнөөс хойш), Америк (ялангуяа 19 болон 20-р зууны эхэн үед), Аж үйлдвэрийн хувьсгалын дараахь Англи зэрэг улс орнууд хүмүүс нь өлсгөлөнд нэрвэгдэж, нэн ядуу амьдардаг Хойд Солонгосоос авахуулаад Куба, Маогийн Хятад, Африкийн янз бүрийн дарангуйлагч дэглэмүүдээс эрс тэс ялгаатай байдаг.
Хамгийн эрх чөлөөтэй улс орнуудад капитализмын элементүүд байдаг хэдий ч тэдгээрийн аль нь ч бүх өмч хувийн эзэмшилд байдаг, засгийн газрын цорын ганц үүрэг нь хувь хүний эрхийг хамгаалах явдал байдаг бүрэн хэмжээний, лэзе-фэер (laissez-faire) капитализмд хүрч чадаагүй байна. Яагаад тэр вэ?
Капитализмын тэгш бус байдалд дургүй байдаг учраас сонгогчид капитализм болон социалист халамжлагч төрийн элементүүдийг хослуулсан холимог эдийн засгийг ерөнхийдөө илүүд үздэг. (Харин дарангуйлагчид төрийн өмчийн эзэмшил, түүнээс үүдэлтэй клептократ буюу хулгайчдын засаглал тогтоох боломж олгодог тул социализмыг илүүд үздэг). Үнэхээр ч капитализм дахь хөгжил цэцэглэлт тэгш бус байдаг: хамгийн бүтээмжтэй хүмүүс хамгийн их шан урамшуулал хүртдэг. Гэхдээ энэ нь сул тал биш бөгөөд харин ч давуу тал юм. Учир нь бусад ямар ч системтэй харьцуулахад капитализмын үед хүн бүр илүү хөгжин цэцэглэдэг.
Бүрэн хэмжээний капитализмтай болж чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан бол сонгогчдын сонголтыг чиглүүлдэг өнөөгийн давамгайлж буй ёс суртахууны хэм хэмжээ болох алтруизмтай энэ нь зөрчилддөг явдал юм. Алтруизм бусдын ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж, өөрсдийнхийгөө золиослох үүрэг хүмүүст хүлээлгэдэг бол капитализм нь өөрийн-тусыг бодох явдал руу тэмүүлэх, бусадтайгаа сайн дурын үндсэн дээр худалдаа хийх эрх чөлөөг хамгаалдаг. Алтруизмыг цорын ганц (хүлээн зөвшөөрөгдөхүйц) ёс суртахууны хэм хэмжээ гэж өргөнөөр үздэг тул олон хүн өөрийн-тусыг бодохыг ёсзүйтэй зүйл гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг (жишээлбэл, миний олон жил багшлахдаа бизнесийн оюутнуудтай хийсэн ярианаас энэ нь илэрхий харагддаг).
Гэвч алтруизм бол амьдралын эсрэг ёс суртахуун бөгөөд хэрэв үүнийг ёс суртахууны хэм хэмжээ болгон тууштай дагаж мөрдвөл хүн бүр эцэстээ хохирно. Өөрийн амьдрал, ашиг сонирхлоо золиослогчид хохироод зогсохгүй бас илүү их хэрэгцээ өөрт нь байна гэж уйлан дуулж, “юм байхгүй” гэдэг байр сууриа ашиглан илүү бүтээмжтэй “хөрөнгөтэй” хүмүүсийн төлсөн тэтгэмжийг авдаг өргөл хүлээн авагчид мөн адил хохирдог. Өргөл хүлээн авагчид ямар ч бүтээлч зорилгогүй хараат хүмүүс болж, улмаар бүтээгчдийг туйлдуулдаг бөгөөд эд зугтаж амжихгүй л бол өөрсдөө ч “юм байхгүй” хүмүүсийн эгнээнд шилждэг. Илүү дарангуй, халамжлагч төртэй орнуудаас эрх чөлөөт орнууд руу дүрвэж буй бүтээгчид эсвэл дарангуйллын дэглэм дэх (эрх баригч элитүүд болон тэдний гар хөл бологчдоос бусад) тэгшхэн өлмөн зэлмэн бүх хүмүүсээс үүнийг харж болно.
Капитализм бол хөрөнгөтнүүд, ажилчид, хэрэглэгчид гээд хүн бүрийг ялагч болгодог нийгмийн тогтолцоо юм. Учир нь капитализм амьд үлдэх болон цэцэглэн хөгжихийн тулд оюун ухаанаа ашиглах явдлыг хүлээн зөвшөөрөхөд суурилдаг бөгөөд энэ явдал бол хүн амьдралаа сайн авч явах анхдагч шаардлага юм.
Капитализм оюун ухаанаа ашиглах явдлыг урамшуулдаг бөгөөд хэрэгжих биелэх нөхцөлийг нь бүрдүүлдэг. Капитализмын үеийн төр засаг хүн бүрийн сэтгэн бодох, үйлдэл хийх эрх чөлөөг жирийн гэмт хэрэгтнүүд, алан хядагчид эсвэл гадаадын түрэмгийлэгчид зэрэг бие махбодын хүчирхийлэл эхлэн үйлдэгчдээс хамгаалж, таны өмнөөс хариу арга хэмжээ авдаг. Капитализмд бусадтай харилцахыг зөвшөөрдөг цорын ганц арга хэрэгсэл бол ятгалга юм. Хэрэв бусад хүмүүс танд туслах эсвэл тантай худалдаа хийхийг хүсэхгүй байвал албадлага ашиглах явдал үүний шийдэл биш. Тантай худалдаа хийх хүсэлтэй байгаа өөр хүмүүсийг та хайж олох хэрэгтэй болно. Капитализмд бусдын тэгш эрх чөлөөг хүндэтгэх, бие махбодоор хүч хэрэглэхээс татгалзах үүргээс өөр ямар ч үүрэг хүнд байдаггүй.
Алтруизм болон капитализм уг чанараараа хоорондоо зөрчилддөг. Учир нь алтруизм хувь хүний эрх чөлөөг боомилж, бусдад үйлчилдэг, өөрийнхөө ашиг сонирхлоо золиосолдог байлгахын тулд тэднийг боолчилдог. Жон Стюарт Милл, Питер Сингер зэрэг нэрт алтруист философичдын үзэж байгаагаар бид хувийн таашаалдаа зарцуулах зардлаа багасгаж, хэмнэсэн мөнгөө бусдад туслахад зориулах ёстой бөгөөд ингэхдээ бусдад үргэлжлүүлэн өгөхөд шаардлагатай наад захын хэрэгцээт зүйлсээ л бид өөртөө үлдэх ёстой гэнэ.
Өөрийн-тусыг бодох явдлын эсрэг байдаг хэдий ч яагаад алтруизм давамгайлсан ёс суртахууны хэм хэмжээ болдог юм вэ? Алтруизмд талтай гэж зарлан тунхагладаг хэрнээ бидний ихэнх нь өөрсдийгөө золиосолдоггүй — хэрэв тэгдэг байсан бол бид амьд үлдэж, цэцэглэн хөгжиж чадахгүй байх байсан — харин бид өдөр бүр өөрсдийн ашиг сонирхол, аз жаргалынхаа төлөө тэмүүлдэг. Бид бүтээлч зорилготой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд ажилладаг; хоол хүнс, орон байр, хувцас болон бусад барааг худалдаж авдаг; эрүүл мэндээ анхаардаг; нийгмийн харилцаанд ордог. Бид энэ бүхнийг өөрийгөө золиослохын тулд биш, харин амьд үлдэх, өсөн дэвжих, амьдралаас таашаал авахын тулд хийдэг.
Гэсэн хэдий ч өнөөгийн соёлыг бүрдүүлсэн шашин, гүн ухааны ачаар олон хүн алтруизмыг ямар ч эргэлзээгүй ёс суртахууны хэм хэмжээ гэж хүлээн зөвшөөрдөг. Учир нь бидэнд ингэж л зааж сургасан. Энэхүү сургаалд, гэр, сүм, эсвэл сургуулийн аль нь ч байсан, эв найртай зэрэгцэн амьдрах явдлыг дэмждэг өгөөмөр сэтгэл, нинжин сэтгэл, сайн үйлс гэж алтруизмыг өнгөлөн далдлах нь олонтаа. Энэ нь альтруизм бодит байдал дээр шаарддаг “нийтийн сайн сайхны” төлөө өөрийгөө золиослох тухай илэрхий үүрэг хариуцлагаас хавьгүй илүү чихэнд чимэгтэй сонсогддог. “Юм байхгүй” хүмүүс (“have-nots”)-ийн хэрэгцээг “хөрөнгөтэй” хүмүүс (“haves”)-ийн бүтээлч хүчин чармайлтаар хангадаг социализм болон холимог эдийн засгийн тогтолцоонд хүмүүсээс өөрийгөө золиослохыг шаарддаг. Татвар болон хувийн өмч хураах бусад үйл явц бол сайн дурын үйл биш эсвэл бас сонголт санал болгодог үйл ч биш.
Капитализм цогцлоохын тулд хүмүүнд оюун ухаан хэрэгтэй гэсэн шаардлага болон бие махбодын хүчирхийллээс ангид байх эрх чөлөөтэй нийцэх ёс суртахууны өөр хэм хэмжээ хэрэгтэй. Тэрхүү хэм хэмжээ бол эдгээр бодит шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхөд тулгуурласан ёс суртахууны чиг баримжаа болох рационал өөрийн-тусыг бодох явдал (rational self-interest) буюу эгоизм юм. Айн Рэнд эгоизмыг Аристотелийн үзэл баримтлалд тулгуурлан, өөрийнхөө “дэлхий дээр амьдрах философи” гэж нэрлэсэн Объективизмынхаа гүн ухааны нэг хэсэг болгон боловсруулж хөгжүүлсэн. Энэ нь бусадтай эв найртай амьдрах, тэдэнтэй харилцан ашигтай байхын тулд зөвхөн сайн дурын үндсэн дээр үнэ цэнэтэй зүйлсээ солилцогчийн хувиар харилцахыг шаарддаг бөгөөд үүнийг капитализмаас өөр ямар ч нийгмийн тогтолцоо зөвшөөрч, бас хамгаалдаггүй.
Бид бодит баримтад-тулгуурласан, хүний амьдралыг дэмждэг эгоизмын ёс суртахууныг хүлээн зөвшөөрч, өөриймшүүлэхгүй л бол хэзээ ч капитализм цогцлоож чадахгүй. Мянга мянган жил үргэлжилсэн шашин болон гүн ухааны сургаал, мөн альтруизмын тасралтгүй үргэлжилсээр буй соёлын давамгайллыг харгалзан үзвэл гол сорилт чухам энд л оршиж байна. Гэхдээ хүний амьдрал болон аз жаргалд хэрэгтэй бодит шаардлагууд эгоизм болон капитализмтай нягт уялдаатай байдаг бөгөөд харахыг хүссэн, бие даан сэтгэдэг хэн бүхэн үүнийг ажиглаж мэдэх боломжтой.
Англи хэлнээс орчуулсан: Н. Жаргал
Онлайн сурвалж:
https://capitalismmagazine.com/2026/07/why-capitalism-isnt-as-popular-as-it-should-be/