Карл Менгер 1871 онд “Эдийн засгийн зарчмууд” номоо хэвлүүлж, сонгодог эдийн засагчдын зуу гаруй жилийн турш сурталчилж ирсэн үнэ цэнийн тухай хөдөлмөрийн онол (labor theory of value)-ыг бут ниргэсэн юм.
1871 оны Вена бол оюун санааны дайны талбар байв. Германы түүхийн сургуулийнхан шинжлэх ухааны салбарын эдийн засагт ноёрхож байсан бөгөөд универсал байдлаар хэрэглэх боломжтой эдийн засгийн хууль гэж байдаггүй, харин үндэстэн, эрин үе бүрд өөр өөрийн онцлогтой түүхэн хэвмаяг л оршдог гэж зүтгэж байв. Менгер үүнтэй санал нийлээгүй бөгөөд сөрөг довтолгоогоо үндэс сууриас нь эхлэн тайлбарлаж босгосон.
“Эдийн засгийн зарчмууд” номын цөм бол субьектив үнэ цэнийн онол (subjective value theory) юм. Үнэ цэнэ бол тухайн эд зүйл дотор эсвэл түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөдөлмөрт бус, харин түүнийг авах сонголт хийж буй хувь хүний ухаанд оршдог. Вена хотод байгаа та нэг аяга усныг үнэлж буй үнэ цэнэ нь цөлд цангаж үхэх гэж байгаа хүн аяга усыг үнэлж буй үнэ цэнээс тэс өөр байдаг. Менгер хувь хүмүүс хэрэгцээгээ хэрхэн эрэмбэлж, бас өөрсдийнхөө чухалчилж буй байдлын дагуу тэдгээр хэрэгцээг хангахын тулд бараа бүтээгдэхүүн хэрхэн хуваарилж байршуулж буйг мөшгөж судлан үүнийг улам нарийн, бат үндэслэлтэй болгосон.
Энэхүү суурь санаанаас ахиуц ашигт байдлын (marginal utility) үзэл баримтлал урган гарсан бөгөөд энэ нь аливаа барааны аль нэг нэгжийн үнэ цэнэ нь уг хүний хамгийн бага хэрэгцээг энэ нэгж бараа хэр зэрэг (их эсвэл бага) хангаж буйгаас хамаардаг гэсэн санаа юм. Энэхүү ганц ойлголт л засгийн газрууд хэдэн арван жилийн турш хөндлөнгийнхөө оролцоогоо зөвтгөхдөө ашиглаж ирсэн цалин, үнийн сонгодог онолуудыг нураасан юм.
Менгер мөн дээд болон доод эрэмбийн бараа бүтээгдэхүүнийг хооронд нь ялгаж заагласан эдийн засгийн барааны онол (theory of economic goods)-ыг боловсруулж, үйлдвэрлэлийг цаг хугацааны урсгалд капиталын бүтэц хэрхэн холбодог болохыг харуулсан. Энэ нь хожим Кэйнсч төвлөрсөн төлөвлөгчдийн зэвсэг болгож хувиргасан, таны худалдан авах чадварыг хулгайлдаг мөнгө хэвлэх үйлдлээ зөвтгөхийн тулд ашигладаг зарцуулалтыг дэмжих тэрхүү бүдүүлэг логикийг шууд эсэргүүцсэн хэрэг байв.
Менгерийн довтолсон жинхэнэ бай нь шинжээчид, засгийн газар, эсвэл эрдэмтдийн хороо гаднаас нь үнэ цэнийг тодорхойлж чадна гэсэн санаа байсан. Үнэ цэнэ бол субьектив, хувь хүнээс хамаардаг зүйл бөгөөд сая сая хүмүүсийн ухаанд тархан оршдог. Таны өгч үнэлгээг өөрсдийнхөө тулгасан үнээр дарж устгадаг аливаа байгууллага эдийн засгийг зохицуулах боломжтой тэрхүү мэдээллийг устгаж байдаг. Брюссель болон Вашингтоны хүнд сурталтнууд өнөөг хүртэл энэ сургамжийг хүлээж авахаас татгалзсаар байгаа бөгөөд тэднийг ингэж оролдох бүрд та үүний төлөөсийг төлдөг.
Handre van Heerden
2026-09-27
Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2104124383010996263