Атаархалд үзэл суртал хэрэгтэй байдаг бөгөөд социализм үүнийг нь үргэлж баяртайгаар хангаж ирсэн. Мизэс энэ талаар 1956 онд “Капитализмыг эсэргүүцэх сэтгэлгээ” (The Anti-Capitalistic Mentality) хэмээх бүхэл бүтэн ном бичсэн бөгөөд түүний онош өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна: сайн дурын арилжааны үр дүнд дургүйцдэг хүмүүс өөрсдийнхөө тэрхүү дургүйцлийг буян, сайн үйл болгон хувиргах номлолыг үргэлж хайж байдаг. Вөүк (woke) зүүнийхэн өөрсдийнхийгөө олжээ.
Вөүкизм болон социализмын язгуур үндэс нь юугаараа ижил байгааг анзаараарай. Тэгш бус үр дүн нь шударга бус байдлыг баталдаг гэсэн угтвар нөхцөлөөс аль аль нь эхэлдэг. Та хөршөөсөө илүү орлого олсон уу? Мөлжлөг. Нэг бүлэг дундаж орлогоороо нөгөөгөөсөө илүү гарсан уу? Системийн дарангуйлал. Хүмүүс өөр сонголт хийсэн үү, өөр эрсдэл хүлээсэн үү, эсвэл бусдад өөр үнэ цэнэ бүтээж өгсөн үү гэж энэ хоёр номлолын аль нь ч хэзээ ч асуудаггүй. Ийм асуулт тавих нь бүх зүйлийг нь сүйрүүлэх болно. Учир нь тэдний бүхэл бүтэн төсөл нь үнэ, ашиг, алдагдлыг ойлгохоос илүүтэйгээр бусдад буруу тохоход л суурилдаг.
Тэгш бус үр дүн бол шударга бус явдалтай ижил гэдгийг хүлээн зөвшөөрмөгц танд үүнийг залруулах хүн хэрэгтэй болно. Хүчирхэг нэгэн. Гэрээг хүчингүй болгох, өмч хөрөнгийг хураан авах, төлөвлөгчдийн өөрсдийнх нь тодорхойлсон ёс суртахууны шатлалын дагуу дахин хуваарилах эрх мэдэлтэй хэн нэгэн. Тэрхүү ажлын байрны тодорхойлолтод яг ганц л өргөдөл гаргагч байдаг: тэр нь Төр. Тийм ч учраас вөүк идэвхтэн болон социалист хоёр үргэлж бодлого гаргах нэг л ширээний ард сууж, Нью-Йоркт түрээсийн хяналт тогтоох, Сакраментод хөрөнгийн татвар авах, Сиэтлээс эхлээд Брюссель хүртэлх хүний нөөцийн бүх хэлтэст ажилд авах квот тогтоохыг шаарддаг байна.
Өрнөдийн ажилчин өөрт нь оногдсон хувьсгалчийн дүрд тоглохоос татгалзаж байгааг Маркузе болон Франкфуртын сургуулийнхан хэдэн арван жилийн өмнө ойлгосон. Ингэхийн оронд тэр баяжсан. Капитализм түүнд машин, байшин, агааржуулагч өгсөн бөгөөд тэрбээр өмч хөрөнгө хураах замаар утопи нийгэм амласан хүмүүсийг сонсохоо больсон юм. Хувьсгалчдад шинэ үйлчлүүлэгчдийн бааз хэрэгтэй болов. Анги давхаргад хамаарах явдал танигдах шинж (identity) болон хувирсан ч, механизм нь яг хэвээрээ үлджээ: дарангуйлагч ба дарлагдагч, гэм буруу ба гомдол, хувьсгал ба засаглал.
Тэгэхээр социализмтай үүсгэсэн энэхүү янаг амрагийн холбоо нь логикийн хувьд зүй тогтлын дагуу үргэлжилж байна. Вөүкизм албадлагын ёс суртахууны шаардлагыг нь гаргаж өгдөг харин социализм үүнийг нь албадлагын эдийн засгийн аппарат өгдөг. Тэдний аль нь ч хувийн өмч, сайн дурын арилжааны ертөнцөд оршин тогтнож чадахгүй. Учир нь тэр ертөнцөд хороо, комиссуудыг эзлэн сууж биш харин хэрэглэгчдэд үйлчилснээр хүн баяжиж дэвждэг . Венесуэл энэ туршилтыг 1999 оноос хойш явуулсан. Хүнсний дэлгүүрийн лангуунууд ямар үр дүн гарсныг илтгэж байна.
Handre van Heerden
2026 оны 7 сарын 20
Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/Handre/status/2079160461413511567