Ойген фон Бём-Баверк 1884 онд “Капитал ба зээлийн хүү”, 1889 онд “Капиталын эерэг онол” номоо хэвлүүлсэн бөгөөд эдгээр бүтээл хамтдаа социалист болон марксист мөлжлөгийн онолын оюун санааны үндэслэлийг Марксын дагагчид баяраа тэмдэглэж дуусахаас ч өмнө нураасан юм.
Бём-Баверк Европ даяар марксист давалгаа оргилдоо хүрч байсан үед Вена хотод бүтээлээ туурвиж байв. Засгийн газрууд хэдийнээ интервенционизм (төрийн хөндлөнгийн оролцоо) руу хэлбийж, сэхээтнүүд үүнийг зөвтгөх онолын зэвсэг тэдэнд атгуулж байлаа. Бём-Баверк үүний хариуд маш оновчтой цохилт тэдэнд өгсөн юм.
Түүний гол хувь нэмэр бол зээлийн хүүгийн хэмжээний тухай цаг хугацааг чухалчлах байдлын онол (time preference theory of interest) байв. Зээлийн хүү өнөөдрийн хэрэглээнээс татгалзаж, хадгалж хураасан үнэ цэнэтэй зүйлээрээ үйлдвэрлэлийн илүү урт процесст хөрөнгө оруулалт хийсний төлөө тэр хадгалж хуримтлал үүсгэгчдэд олгож буй нөхөн олговор юм. Энэ нь маргаашийн илүү их гарц бий болгодог. Зээлийн хүү бол ажилчдын эсрэг эздийнх нь явуулж буй мөлжлөг эсвэл луйвар биш, харин жам ёсны үнэ юм.
Түүний 1896 онд бичсэн “Карл Маркс ба түүний системийн төгсгөл” эссэн дэх Марксыг шүүмжилсэн шүүмжлэл нь мэс засал шиг л нарийн оновчтой байв. Марксын үнэ цэнийн тухай хөдөлмөрийн онол дотоод зөрчлөөсөө болж нуран унадаг. Учир нь ижил тэнцүү хөдөлмөр цаг зарцуулсан бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэлд нь хэр капитал шаардлагатай байдгаас хамааран өөр өөр үнээр арилжаалагддаг. Маркс үүнийг мэдэж байсан бөгөөд уншигчид нь анзаарахгүй байх гэж найдаж асуудлыг III боть руугаа шилжүүлсэн. Бём-Баверк үүнийг анзаарч, уншихыг хүссэн хэн бүхэнд зориулж энэ зөрчлийг нь нийтэлжээ.
Түүний үлдээсэн өв бодитой. Лүдвиг фон Мизэс эдийн засгийн мөчлөгийн онолоо Бём-Баверкийн капиталын бүтцийн тогтолцоонд суурилж босгосон. Мюррей Ротбард үүнийг улам өргөжүүлсэн. Төв банкнаас хүүний түвшинд хийж буй манипуляцийг шүүмжилсэн нухацтай шүүмжлэл бүр энэхүү суурь руу хөтөлдөг: зохиомлоор доогуур тогтоосон хүүний түвшин нь үйлдвэрлэлийн цаг хугацааны бүтцийг гажуудуулж, буруу хөрөнгө оруулалт бий болгон, эдийн засгийн уналтыг гарцаагүй зүйл болгодог.
Хүүний төвшнийг сайн дурын хадгалсан хуримтлал, цаг хугацааг чухалчлах байдал тогтоодог бол харин төв банк шийдвэр захирамжаараа тогтоодог. Бём-Баверк тэрхүү хөндлөнгийн оролцоо яагаад бодит капиталын бүрэлдэхүүнийг устгадгийг нарийн сайн харах хэрэгсэл бидэнд өгсөн. Хэрвээ төв банкны удирдлагууд энэ үнэнийг хүлээн зөвшөөрвөл дэлхий ертөнц хамаагүй илүү баян чинээлэг газар байх байлаа.
Handre van Heerden
2026-09-27
Онлайн эх сурвалжийн линк: https://x.com/handre/status/2104189060449263899