Эдийн засгийн жинхэнэ мөн чанар: Австричуудын гүн мэдлэг

  1. Хүмүүс үйлдэл хийдэг. Хүний хийж буй сонголт бүрийн цаана сэдэл, харилцан буулт хийх (trade-off), үр өгөөжтэй харьцуулсан өртөг байдаг. Сэдлийг нь устгавал үйлдэл зогсоно. Сэдлийг нь бусниулбал үйлдэл гажуудна.

Орлогод 90%-ийн татвар ногдуулбал үйлдвэрлэгчид юм үйлдвэрлэхээ болихыг та нар харна. Бүтэлгүйтлийг татаасаар дэмжвэл бүтэлгүйтэл хэрхэн үржихийг харах болно. Үйл хөдлөлийг үргэлж урамшууллын бүтэц тодорхойлдог.

  1. Үнэ цэнэ бол зөвхөн сонголт хийж буй хүний ухаанд л оршдог. Нэг аяга ус живж буй хүнд ямар ч үнэ цэнэгүй бол цангаж үхэх гэж буй хүнд хамгийн хэрэгтэй зүйл нь болно. Үүнийг ямар ч төвлөрсөн захиргаа тооцоолж чадахгүй. Учир нь энэ нь хувь хүн болон нөхцөл байдал бүрээс шалтгаалж өөрчлөгддөг.

Юмс өөрөө үнэ цэнээ тогтоодоггүй бөгөөд зөвхөн хүмүүс түүнийг хэр үнэлж буйгаар үнэ цэнэ нь тодорхойлогддог. Очир эрдэнэ, тэр байтугай алт хүртэл хүмүүс үнэ цэнэтэй гэж үзсэн учраас л үнэ цэнэтэй болдог.      

  1. Мөнгө засгийн газрын тогтоолоор бий болоогүй. Энэ нь худалдаачдад шууд бартераас гардаг хязгаарлалтаас ангижрахын тулд эдэлгээтэй, хуваагдах боломжтой, нийтээр хүлээн зөвшөөрөгдөх ямар нэгэн зүйл хэрэгтэй болох үед өөрөө-аяндаа үүссэн. Алт олон зууны турш, олон арван бие даасан соёл иргэншлүүд дамнасан энэхүү өрсөлдөөнд ялсан; түүнийг аль нэг яам биш харин зах зээл сонгосон.

Фиат буюу баталгаагүй мөнгөн тэмдэгт бол төрөөс энэхүү хувьсаж хөгжсөн институцийг булаан авч, хуулийн сүрдүүлгээс өөр юугаар ч баталгаажаагүй цаасаар түүнийг орлуулж буй хэрэг юм. Өнөөдөр дэлхий дээрх бүх төв банк энэ загвараар үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Баялаг тэнгэрээс унадаггүй. Ургацаа тэр чигт нь идэж дуусгасан тариачин дараагийн улиралд юу ч үйлдвэрлэхгүй. Харин үрээ хадгалж, түүнийгээ тариалж, хамгийн сайн ургуулж чаддаг зүйлээрээ дагнаж ажилласан тариачин илүүдэл юмс хуримтлуулдаг. Энэхүү илүүдэл бол капитал юм. Капитал дараа дараачийн бүх зүйлийг санхүүжүүлдэг.

Урьдчилж үйлдвэрлэхгүйгээр хэрэглэх явдал бол ердөө л дулаацахын тулд тавилгаа шатааж буйтай адил үйл. Халамжийн улс бүр эцсийн дүндээ энэ цэгт хүрдэг.

  1. Хувийн өмчийн эрхийг булааж авбал үйлдвэрлэл нуран унана. Тариачин хүн өөрийн газар дээрээ шөнө дунд хүртэл ажилладаг. Харин тэр тариачин хамтралын газар дээр ажиллах бол үд дунд л ажлаа зогсоодог. Зөвлөлт Холбоот Улс далан жилийн турш энэ туршилтыг явуулж, хэдэн арван сая хүний аминд хүрэнгээ үүнийг баталсан.

Гарах үр бүтээлийг нь өөртөө эзэмшиж чадахгүй бол та тэр түүнийг бүтээхгүй.

  1. Сайн дурын худалдаа зөвхөн юмсыг харилцан чухалчилж үзэж буй явдлаас баялгийг бүтээдэг. Та хоолонд арван хоёр доллар төлөхдөө тэр хоолыг арван хоёр доллароос чухалчилж үзэж байна гэсэн үг; харин зоогийн газар арван хоёр долларыг тэр хоолноос илүүд үзэж байна. Хоёр тал хоёулаа бодит утгаараа энэ солилцооноос илүү баян болдог. Үүнд ямар ч улстөрч, зохицуулагч, хүнд сурталтан буюу захиргаадагч юу ч нэмэрлэдэггүй.

Протекционизм (дотоод зах зээлээ тарифаар хамгаалах бодлого) үүнийг устгадаг. 2018 онд АНУ-ын гангийн импортод тавьсан гаалийн татвар Америкийн үйлдвэрлэгчдийн хувьд гангийн үнийг өсгөж, гангийн үйлдвэрлэлд байснаас илүү олон ажлын байр ган-хэрэглэгч салбаруудад устгаж, эд баялгийг бүтээмжтэй компаниудаас төрийн ивээлд багтсан цөөн хэдэн компани руу шилжүүлсэн.

  1. Лүдвиг фон Мизэс инфляцийг татвар гэж тодорхойлсон. Холбооны Нөөцийн Сангаас үйлдвэрлэлээр баталгаажаагүй шинээр хэвлэсэн доллар бүр таны гарт байгаа доллар бүрийн үнэ цэнийг унагааж байдаг. Шинэ мөнгө хамгийн түрүүнд засгийн газар болон түүний гэрээт гүйцэтгэгчдэд очиж, тэд түүнийг тухайн үеийн үнээр үрж хөрөнгөждөг. Харин тэр мөнгө танд хүрч ирэх үед үнэ хэдийнэ өссөн байна.

АНУ-ын М2 мөнгөний нийлүүлэлт 2020 оны 1-р сард ойролцоогоор 15 их наяд доллар байснаа 2022 оны эхэн үе гэхэд 21 их наяд даван өссөн. Хэрэглээний үнэ ч үүнийг дагаж өснө. Таны хадгаламж алдагдал үр дүнд нь хорогдоно.

  1. Үнэ мэдээлэл агуулдаг. Үнийн огцом өсөлт үйлдвэрлэгчдэд илүү ихийг үйлдвэрлэхийг, харин хэрэглэгчдэд бага хэрэглэхийг сануулдаг. Энэ нь ямар ч төвлөрсөн удирдлагагүйгээр сая сая үл таних хүмүүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг. Тэрхүү дохионд хөндлөнгөөс оролцвол энэ зохицуулалт эвдэрнэ.

Нью-Йорк хотын байрны түрээсийн үнийн хяналт бол үүний хамгийн тод жишээ. Түрээсийн үнийг зах зээлийн ханшаас доогуур тогтоовол түрээслүүлэгчид барилгынхаа засвар үйлчилгээг зогсоож, шинээр барихаа больж, орон сууцыг өөр зориулалтаар ашиглаж эхэлдэг. Түрээсийн үнийн хяналт туслах ёстой байсан хүмүүс эцэстээ нийлүүлэлтийн хомсдолоос болж үүний горыг хүртдэг.

  1. Хүүгийн түвшин бол цаг хугацаанаас хамаарсан капиталын үнэ юм. Холбооны Нөөцийн Сан 2008-2022 оны хооронд хүүгийн түвшнийг бараг тэг хүртэл буулгахдаа бүх хөрөнгө оруулагчдад капитал бараг үнэгүй болсон гэж хэлсэн. Бизнесүүд зөвхөн тэг хувийн хүүтэй үед л утга учиртай байх төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүгийн түвшин хэвийн болох үед тэдгээр төслүүд дампуурав. 2022 оны АНУ-ын технологийн салбар болон крипто зах зээлийн уналт санамсаргүй үйл явдал байгаагүй. Энэ хямрал арван жилийн турш зохиомлоор хямд болгосон капиталын залруулга байсан юм.

Бизнесийн мөчлөг бол капитализмын үл мэдэх оньсого биш. Төв банкууд л түүнийг бий болгодог.

  1. Захиргаадагчид ашиг, алдагдалтай нүүр тулдаггүй. Капиталыг буруу хуваарилсан бизнесмен дампуурдаг. Харин капиталыг буруу хуваарилсан хүнд сурталтан буюу захираадагч илүү санхүүжилт хүссэн тайлан дахин бичдэг. Зах зээлийг сахилгажуулдаг эргэх холбооны механизм төрийн байгууллага дотор ердөөсөө оршдоггүй.

АНУ-ын Боловсролын яам 1980 оноос хойш нэг их наяд гаруй доллар зарцуулжээ. Гэтэл бичиг үсэг тайлагдсан байдлын түвшин сайжирсангүй. Энэ үр дүнгээс болж тус яаманд хэн ч дампуураагүй.

  1. Орон нутгийн зах зээл дэх үйлдвэрлэгч бүр нийслэл хотод суугаа ямар ч хүнд сурталтан дагаж дуурайн эзэмшиж чадахгүй мэдлэгтэй байдаг. Канзас дахь улаан буудайн тариаланч хөрсний чийгшил, фьючерсийн үнэ, орон нутгийн тоног төхөөрөмжийн өртөг, худалдан авагчидтайгаа тогтоосон онцлог харилцаа болон өөр бусад зуун хувьсагчийг нэгэн зэрэг хянадаг. Тэрхүү мэдлэг түүний тогтоож буй үнэд оршиж байдаг.

Фридрих Хаек 1945 онд үүнийг далд мэдлэг (tacit knowledge) гэж нэрлэсэн. Зөвлөлтийн төвлөрсөн төлөвлөгчид түүнийг үл тоомсорлож, хувийн зах зээл хөнгөхөн зохицуулчихдаг бараа бүтээгдэхүүний архаг хомсдолыг бий болгох замаар түүний зөв байсныг батлах гэж тавин жилийг зарцуулсан юм. Сая сая бие даасан оролцогчдын мэддэг зүйлийг ямар ч загвар, ямар ч алгоритм, ямар ч хороо нэгтгэн ганц төлөвлөгөөнд багтаах боломжгүй.

  1. Төрийн хөндлөнгийн оролцоо бүр танд харагдах болон үл харагдах үр дагавруудыг бий болгодог. Төрөөс барьж буй замыг та хардаг. Харин татварын мөнгөөр хэзээ ч санхүүжүүлээгүй үйлдвэр, хэзээ ч бий болоогүй ажлын байр, хэзээ ч хийгээгүй инновацийг та хардаггүй. Учир нь эд хөрөнгө, эрсдэлээрээ дэнчин тавиагүй хүнд сурталтнууд буюу захиргаадагчид тэр капиталыг буугаар сүрдүүлж булаан авч, өөр тийш нь чиглүүлсэн.

2009 оны “Хуучин машин солих” хөтөлбөрийг аваад үзье. Конгресс бүрэн ажиллагаатай 690,000 машиныг устгаж, дилерүүдэд богино хугацааны борлуулалтын өсөлт авчирсан бөгөөд та борлуулалтын тоо баримтыг нь л харсан. Харин хуучин машины зах зээл боломжийн үнэтэй машины нөөцгүй болж, ажилчин ангийн худалдан авагчдыг олон жилийн турш тэр зах зээлээс гадуурхсан.

  1. Үнэ, нийлүүлэлтийн сүлжээ, тэр байтугай хүмүүсийн ярьдаг хэл өөрөө ч төвлөрсөн төлөвлөгчийн ганц ч тушаалгүйгээр, сая сая үл таних хүмүүсийг хооронд нь уялдуулж зохицуулж байдаг. Энэхүү зохицуулалт бол өөрөө-үүсдэг дэг журам (spontaneous order): өөрөөр хэлбэл энэ бол хүмүүс нэгдэн, хамтдаа зохиогоогүй дүрмийн дор өөр өөрсдийнхөө зорилгын төлөө явах үед үүсдэг нарийн төвөгтэй, үр ашигтай хэвмаяг юм. Сайн дурын солилцооны секунд тутамд бүтээдэг зүйлийг хуулбарлахад шаардлагатай тархмал, орон нутгийн мэдлэгийг төлөвлөгөөний ямар чхороо эзэмшиж чадахгүй.

Англи хэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг хар. Түүний дүрмийг ямар ч хаан зохиогоогүй. Олон зууны турш сая сая хэрэглэгчид тохирох үг, бүтцийг нэвтрүүлж, тохирохгүйг нь орхиж гээдүүлсээр ямар ч хүнд сурталтны зохиож чадахгүй тийм баялаг хэл бүтсэн. Энэхүү үйл явцыг үнийн хяналт эсвэл үйлдвэрлэлийн квотоор хуулбарлаж чадна гэж итгэдэг төвлөрсөн төлөвлөгчид тэрхүү дэг журмыг анхнаас нь бий болгодог эргэх холбооны механизмыг устгадаг.

 

Handre van Heerden

2026-09-17

  1. Зөвхөн хувь хүмүүс л үйлдэл хийдэг, хамт олон хэзээ ч үйлдэл хийдэггүй. “Нийгэм”, “төр”, эсвэл “үндэстэн”-д ухаан, хүсэл сонирхол, эсвэл үнэ цэнэ гэж байдаггүй; зөвхөн тэдгээрийг бүрдүүлдэг хувь хүмүүст л байдаг. Праксеологи талхны үнээс эхлээд мөнгөн тэмдэгтийн сүйрэл хүртэлх эдийн засгийн үзэгдэл бүр нь бие даасан хүмүүсийн зорилготой үйлдэлтэй холбогдох ёстой гэдгийг заадаг. Улс төрчид “бид нийгмийн хувьд Х-ийг хийх ёстой” гэж хэлэх үедээ тэд зөвхөн тодорхой хувь хүмүүс төрийн эрх мэдлийг ашиглан бусад хүмүүсийг өөрсдийнх нь хүсэл сонирхлын эсрэг үйлдэл хийхийг албадаж буй бодит байдлыг нуун дарагдуулахын тулд хэл шинжлэлийн өнгөлөн далдлалт ашиглаж буй нь тэр юм.

 

  1. 15. Эдийн засгийн бүх сонголтыг ахиуц хэмжээ (margin)-нээс хамаарч хийдэг. Бид дэлхий дээрх бүх ус болон дэлхий дээрх бүх очир эрдэнийн хооронд сонголт хийдэггүй. Бид нэг нэмэлт нэгж ус болон нэг нэмэлт нэгж очир эрдэнийн дундаас л сонголт хийдэг. Карл Менгерийн ахиуц ашигт байдлын (marginal utility) тухай нээлт үнэ цэнийн парадоксыг шийдвэрлэсэн бөгөөд хүний үйлдэл бол тухайн барааны хамгийн түрүүнд олдох дараагийн нэгжийг дараагийн хамгийн яаралтай хэрэгцээт зүйлтэй харьцуулан эрэмбэлэх тасралтгүй, хувьсан өөрчлөгдөх үйл явц юм гэдгийг баталсан.
  2. Цаг хугацааг чухалчилж үзэх явдал (Time preference) бол соёл иргэншлийн хөдөлгүүр юм. Хүн бүр байгалиасаа аливаа сайн зүйлийг маргааш гэхээс илүү өнөөдөр авахыг илүүд үздэг. Таашаал авахаа хойшлуулах тохирох шан урамшуулал хэрэгтэй бөгөөд энэ бол хүүгийн жам ёсны гарал үүсэл юм. Хувь хүмүүс баталгаатай өмчийн эрх болон найдвартай буюу баталгаажсан мөнгөтэй (sound money) байх үед тэдний цаг хугацааг чухалчилж үзэх байдал буурдаг; тэд хуримтлуулж, хөрөнгө оруулж, хойч үеэ ядуурлаас гаргах капиталын бүтцийг бий болгодог. Инфляц болон татвар бол мөнгөний ирээдүйн худалдан авах чадварыг устгах үед цаг хугацааг чухалчилж үзэх явдал огцом нэмэгдэж, нийгэм тариалах үрээ идэх (капиталаа устгах) байдалд буцаж очдог.
  3. Зохицуулагч нь өөриөө зохицуулж буй хүмүүстээ зайлшгүй олзлогддог. Засгийн газрын албан тушаалтнууд бол “зах зээлийн доголдол”-ыг засахын тулд хүний үйлдлийн дүрмээс гадуур алхдаг амин хувиа хичээдэггүй сахиусан тэнгэрүүд биш. Тэд бол өөрсдийнхөө сэдлээр аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлдэг хувь хүмүүс. Нийтийн сонголтын (public choice) механизмаар дамжуулан зохицуулах байгууллагууд бараг үргэлж өөрсдийнх нь хянах ёстой асар том, ноёрхогч корпорациудад олзлогддог. Тэдний боловсруулсан зохицуулалт олон нийтийн аюулгүй байдал гэх нэрийн дор үүсэж тогтчихсон монополиудыг хурдан шаламгай, шинэлэг өрсөлдөгчдөөс хамгаалах цайзын хүрээлсэн усан суваг болж хувирдаг.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *