Хань гүрнийг Ван Ман хэрхэн устгав

Ван Ман (Wang Mang) НТ 9 онд Хань гүрний хаан ширээг булаан авч, төвлөрсөн төлөвлөлт нь ямар ч түрэмгийлэгч армиас илүү хурдан сүйрэл дагуулдгийг батлах ажилдаа шууд оров. Түүний байгуулсан Шин (Xin) гүрэн арван дөрвөн жил оршин тогтносон юм. Энэхүү сургамжийн төлөөсөнд сая сая хүний амь нас үрэгдсэн билээ.

Ман газрыг нийгэмчилж, тариачдад дахин-хуваарилах замаар эзэн хааны ганцхан зарлигаар хувийн өмчийг устгав. Үр дүнд нь тариачид талбайдаа хөрөнгө оруулахаа болив. Өөрийн эзэмшлийн бус худгийг яах гэж ухаж тордох билээ? Хүн амын өсөлтөөс үүдэн хүнсний хэрэгцээ бага биш харин ч илүү ихээр шаардагдаж байсан яг тэр үед хөдөө аж ахуйн гарц бүрэн нуран унав.

Тэрбээр “ядуусыг хамгаалах” нэрийдлээр үр тариа болон даавууны үнийг хатуу тогтоов. Худалдаачид бараагаа алдагдалтай борлуулахаа больж, нийлүүлэлт тасран, хамгаална гэж түүний мэдэгдэж байсан өнөөх ядуус нь өлсгөлөнд нэрвэгдлээ. Үнийг хүчээр барих нь зах зээлийн дохиог устгаж, хомсдол бий болгодог.

Мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлсэн нь энэ бүхнийг улам хүндрүүлэв. Ман НТ 9-14 оны хооронд мөнгөн тэмдэгтэд дөрвөн удаа шинэчлэл хийж, хүнд хүрэл зоосыг илүү хөнгөн зоосоор сольсон хэдий ч хуучин ханшаараа солилцохыг шаардаж байв. Хятадын худалдаачид Грешамын хуулийг (Gresham’s Law) тэр даруй ухаарч, хуучин метал зоосоо нөөцлөн дарлаа. Худалдаа наймаа гацав.

Орлого бүрдүүлэх хэрэгсэл хэмээн зөвтгөгдсөн давс, төмрийн төрийн монопол нь Хань гүрний хоёр зууны турш цогцлоосон гар урчуудын эдийн засгийг боомилон устгалаа. Төрийн монополийг улс төрийн зорилгоор удирддаг тул энэ нь маш муу ажиллана гэсэн үг.

НТ 23 он гэхэд өлсгөлөн болон тариачдын бослого түүнийг болон түүний гүрнийг газрын хөрснөөс бүрмөсөн арчин хаяв. “Улаан хөмсөгтнүүд”-ийн босогчид эдийн засгийн онол уншаагүй. Тэд зүгээр л өлсөж байсан. Ман тэдэнд өлсөх бүх шалтгааныг нь бүрдүүлж өгсөн юм. Ван Ман хэвийн ажиллаж байсан зах зээлийн дэг журмыг 14 жилийн турш   захиргаадалтын гэнэтийн шийдвэрээр сольж, төрийн хөндлөнгийн оролцоо бүр нь дараагийн оролцоогоо зөвтгөх хямралыг даллаж байсан юм.


Handre van Heerden

2026 оны 09-р сарын 12

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *